ХАМАС-ын шинэ удирдагчаар Яхья Синварыг сонгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРГАЗЫН ЗУРВАС, 2024 оны наймдугаар сарын 7 /CBS/. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израилын эсрэг халдлагыг зохион байгуулагч Яхья Синварыг шинэ удирдагчаараа сонгосон тухайгаа Палестины ХАМАС бүлэглэл мягмар гарагт мэдэгджээ.
ХАМАС-ын хатуу чиг
шугам баримтлагчдыг удирдаж, Ираны талтай ойр байдаг
нууцлаг хүн болох Я.Синварыг ийнхүү сонгосон нь өдөөн хатгасан шинжтэй
алхам болж байна. Өнгөрсөн оны 10
дугаар сарын халдлагаас хойш Я.Синвар Израилын талаас гаргасан "устгах ёстой хүмүүсийн жагсаалт"-ын эхэнд бичигдсээр иржээ.
“Өнгөрсөн
долоо хоногт Иранд амиа алдсан Исмаил Ханиягийн оронд Синварыг улс төрийн товчооны шинэ даргаар томиллоо” гэж ХАМАС мэдэгджээ. Өнгөрсөн
долоо хоногт Израилын тал мэдэгдэхдээ, долоодугаар сард Газын зурваст өгсөн агаарын цохилтын үеэр
ХАМАС-ын цэргийн жигүүрийн удирдагч
Мохаммед Дейфийг устгасан гэжээ. Харин ХАМАС-ын зүгээс энэ мэдэгдлийг нотлоогүй байна.
Катарт олон жилийн турш цөлөгдөн амьдарч байсан И.Ханиягаас ялгаатай нь Я.Синвар Газын зурваст байсаар иржээ. Тодруулбал, 2017 оноос хойш Газын зурвас дахь ХАМАС-ын удирдагчаар ажиллаж буй
тэрбээр олны өмнө
ховорхон гарч ирдэг байсан боловч ХАМАС-ын засаглалыг хатуу барьсаар ирсэн байна.
М.Дейф болон Кассам бригад
гэгддэг зэвсэгт жигүүртэй ойр байдаг
Я.Синвар бүлэглэлийн цэргийн чадавхийг бэхжүүлэх ажлыг хариуцаж байжээ.
10 дугаар сарын 7-ны халдлагаас хойш Я.Синвар сайтар нуугдсаар байгаа бол Израилын тал Газын зурваст цэргийн ажиллагаа явуулснаар амиа алдсан палестинчуудын тоо 40 мянгаас даваад байна. Израилын Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари Саудын Арабын Al-Arabiya телевизэд ярилцлага өгөхдөө, Я.Синварыг “террорист этгээд” гэж нэрлээд, “Яхья Синварт очих ёстой ганцхан газар бий. Энэ бол Мохаммед Дейф болон 10 дугаар сарын 7-ны халдлагыг үйлдсэн алан хядагчдын дэргэд очих явдал юм. Энэ бол бидний бэлтгэж, түүнд зориулж байгаа цорын ганц газар юм” гэжээ.