СҮХБАААТАР: Зүүн үзэмчин хошууны удирдлагуудтай албан уулзалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт
2024 оны
наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Засаг даргын орлогч Шюй Инжянь тэргүүтэй зочид төлөөлөгчид Сүхбаатар аймагт зочилж, хамтын
ажиллагааны хүрээнд аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Тус
уулзалтаар хоёр талын боомтыг хөгжүүлэх болон авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах
шаардлагатай байгааг БНХАУ-ын төлөөлөгчид нэн тэргүүнд танилцууллаа.
Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум хооронд олон улсын ах дүү хот байгуулах, Эрдэнэцагаан суманд өвсний гэрээгээр баригдсан зочид буудлын барилгыг хүлээлгэж өгөх гарц боломжийг эрэлхийлэх, хил орчмын хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамтарч ажиллах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, маршрутыг өргөтгөх, Сүхбаатар аймаг ирэх жилүүдэд аялал жуулчлалын салбарын бодлогод онцгойлон анхаарах зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд харилцан санал солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв.