ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт 1989 онд живсэн Зил-130 машиныг татан гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У. Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Агьтын хил гэдэг газрын орчимд үргэлжилж байна.
Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нар удирдан ажиллаж байна.
Ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, тэдгээрийн холбогдох чиг үүрэг бүхий анги, салбаруудын алба хаагчид болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зил-130 загварын ЗА 70-10 улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж өнөөдөр амжилттай татан гаргалаа.
Тухайн ачааны машин нь мөсөн тээврээр бөс, бараа материал тээвэрлэж яваад 1989 оны нэгдүгээр сард Агьтын хил орчимд живсэн байжээ.
Хөвсгөл нуурт 28 тээврийн хэрэгсэл живсэн гэсэн судалгаа гарчээ. Татан гаргах ажиллагааны хүрээнд, 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг 2021 онд, найман тээврийн хэрэгслийг өнгөрсөн жил татан гаргаж 34,7 тонн бохирдол аюулгүй болгожээ.
Энэ онд 2 тээврийн хэрэгсэл татан гаргасан бөгөөд живсэн тээврийн хэрэгсэл бохирдлыг бүрэн цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.