АПУ компани тогтвортой хөгжлийн “Монгол бахархал-2030” стратегиа олон нийтэд зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. АПУ хувьцаат компани урт хугацааныхаа зорилгод уялдсан тогтвортой хөгжлийн нөлөөллийг цар хүрээ, төвлөрөх чиглэлийн нь хувьд нарийвчилж, оновчтой аргачлалаар хянахад тулгуурласан бизнес шийдвэр гаргах үйл явцын зураглалтай байхыг зорьжээ.
Өнгөрсөн зуун жилийн хугацаанд байгууллагын нийт хамт олон болон харилцагч, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч зэрэг бүхий л оролцогч талын дэмжлэг, үр шимээр өнөөдрийн АПУ бүтсэн гэж тэд үзэж байна.
Харин ирэх 100 жилдээ АПУ компани эх дэлхий болон Монгол Улсдаа ямар хөрөнгө оруулалт, үр нөлөө, үнэ цэнийг бүтээхээ зураглах хүрээнд бүхий л тогтвортой хөгжлийн ажил болон зорилтыг нэгтгэн системчилж, “Монгол Бахархал” Тогтвортой хөгжлийн стратеги 2030"-ын тэргүүлэх чиглэлүүдийг боловсруулснаа ийнхүү тайлбарлажээ.
Тогтвортой амьдралын хэв маяг, байгалийн хэмнэлтэй уялдан урагшлах аж ахуйн тухай ойлголт нь монгол түмэнд шинэ ойлголт биш юм. Өнөөдөр, маргааш бус есөн үеэрээ өөрсдийн ул мөр, нөлөөллөө зураглаж ирсэн өвөг дээдэс маань холч ухаанд суурилсан “стратегийн мэргэжилтнүүд” байсан гэдэгт бид эргэлздэггүй. Монгол гэрийн дугуй бүтэц, монгол гутлын хавтгай ул зэрэг нь бидэнд өвлөж ирсэн, байгаль эхдээ ул мөр үлдээхгүй, үргэлж хувьсаж буй амьдралын мөчлөгтэй уялдаж, урагшлах замыг заасан уламжлалт технологи гэж бид ойлгодог. Амьдралын зохистой хэв маягийг хэвшүүлэх энэхүү үнэт зааврыг бид эрхэмлэж, бүхий л үйл ажиллагаа, инновацдаа шингээж ирсэн. Цаашид ч энэ өв соёлыг хойч үедээ өвлүүлэх нь зах зээлд томоохон байр суурь эзлэн олон мянган ажилтан, хэрэглэгч, хамтрагчдын өдөр тутмын түнш байх боломжийг атгалцаж буй бидний үүрэг юм.
АПУ компани
үйлдвэрлэл үйл ажиллагаандаа НҮБ-ын тогтвортой хөгжлийн
зорилтуудыг шингээж ирсэн. Цаашид өөрийн баримтлах чиглэл
бодлого, стратегийг баталлаа. “Монгол бахархал-2030” тогтвортой хөгжлийн таван хана бүхий стратегиа баталж, түүхэн
зуун жилийн ололт амжилт, туршлага дээрээ үндэслэн дараагийн шинэ зуундаа
байгаль орчин, нийгэм эдийн засагтаа эерэг нөлөөгөө эрчимжүүлж, хүн төвт
бодлого, харилцагч түншүүдийн хамтын хөгжил дэвшлийг эрхэмлэн ажиллахаар зорьж
байна. Ийнхүү АПУ компани тогтвортой хөгжлийн
зорилтоо тодорхой болгож илүү ногоон, илүү нэгдсэн, илүү үр дүнд чиглэсэн
алхмуудыг хийхээр төлөвлөж байна.