Монгол, Филиппин Улс нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон хувь заяаны түншүүд билээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало:
Филиппин, Монгол хоёр улс нь нийтлэг ашиг сонирхлоор холбогдсон хувь заяаны түншүүд билээ.
Манай хоёр улс цаг агаар, газар зүйн хувьд эсрэг тэсрэг хэдий ч нийтлэг үнэт зүйлс биднийг холбодог.
Хөгжиж буй улс орнуудын хувьд бид гачигдах сэтгэхүйгээс ангид, шударга, хүмүүнлэг, сөрөн тэсвэрлэх чадамжит нийгмийг цогцлоон байгуулахын төлөө буй.
Тогтвортой, хүртээмжтэй хөгжил цэцэглэлтийг гагцхүү олон улсын хуулийн засаглал бүхий эрх тэгш, шударга ёсны зарчимд суурилсан, нээлттэй, олон улсын дэг журмын хүрээнд цогцлоох боломжтойг бид бүрнээ ухамсарладаг билээ.
Филиппин, Монгол улсууд нь дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын эгнээнд жагсаж буй. Дэлхийн инновацын индексийн өнгөрсөн жилийн үзүүлэлтээр манай хоёр улс хөгжлийн түвшнээ давсан гүйцэтгэлийн төлөв бүхий дундаж орлоготой улс орнуудын тоонд багтаж байна.
Тийн хэдий ч хөгжил дэвшилд хязгаар үгүйг бид ойлгож байна. Бид ард нийтээрээ өөдөө тэмүүлж, хамтдаа илүү ихийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.
Бид нийтлэг ашиг сонирхол, харилцан үр өгөөжтэй салбарууд дахь хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх боломжтой. Аялал жуулчлал, боловсрол, хөдөлмөр, соёл, спорт, шинжлэх ухаан, технологи, инновац, гамшгийн эрсдэлийг бууруулах, батлан хамгаалах, терроризм болон үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг салбарыг үүнд дурдаж болно.
Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд өртөмтгий манай хоёр улсын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах нь нэн чухал гэж үзэж байна. Манай ард түмэнд эдгээр сорилтыг даван туулах онцгой чадвар бий бөгөөд талууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлснээр илүү тэсвэрлэх чадвартай нийгмийг цогцлоох бүрэн боломжтой.
Олон талт, байнгын хувьсан өөрчлөгдөж буй гадаад орчин нь бидэнд сорилт, боломжийн аль алийг нь өгч буй. Өнөөгийн геополитикийн асуудлууд, хиймэл оюун ухаан болон давхар хэрэглээний бусад технологийн хөгжил, түүнчлэн хууль дүрэмд суурилсан олон улсын дэг журамд учирч буй сорилтууд нь хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг хийгээд дэлхийн тавцанд гадаад бодлогоо урнаар залах шаардлагыг бий болгож, бидний хамтын ажиллагааг улам утга төгөлдөр болгож байна.
Тиймээс Филиппин, Монгол хоёр улс нь хуульт ёсыг дээдэлж, аливаа маргааныг энхийн замаар шийдвэрлэх, соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх нь чухал юм. Бид АСЕАН болон НҮБ-ын хүрээнд нийтлэг ач холбогдол бүхий асуудлаарх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх учиртай билээ.
Монгол Улс АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд нэгдэн орсны 20 жилийн ойн босгон дээр бид АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалтын хүрээнд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, хими, биологи, цөмийн болон цацрагийн терроризмоос урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх зэрэг бүс нутгийн хамтын ажиллагаагаа улам бататгах сонирхолтой байна.
Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улс АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалтын хүрээнд “Хими, биологи, цөмийн болон цацрагийн терроризмын эсрэг хууль эрх зүйн тогтолцооны хэрэгжилтийг бэхжүүлэх” сэдэвт “Steppe Lotus” семинарыг зохион байгуулсныг дурдмаар байна. Мөн Монгол Улс 1999 онд Филиппин Улсын санаачилсан АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалтын оролцогч орнуудын Батлан хамгаалахын их сургууль, коллеж, хүрээлэнгүүдийн тэргүүн нарын 3 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Филиппин Улс нь 2026 онд АСЕАН болон АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалтыг даргалах үеэр бид хамтын ажиллагааны илүү олон чиглэлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.
Бидний нийтлэг эрх ашиг манай хоёр улс НҮБ-ын хүрээнд хамтран ажиллах өргөн боломжийг олгож байна. Манай хоёр улс хууль, дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг бэхжүүлэхийн төлөө бат зогсдог. Филиппин Улс НҮБ-ыг үүсгэн байгуулагч орнуудын нэг болохын хувьд 1945 онд НҮБ-ын Дүрмийг хэлэлцэн баталсан үеэс хойш хөгжиж буй орнуудын эрх ашгийг тууштай хамгаалж ирсэн билээ.
Манай хоёр улс энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох, хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зэргээр олон талт хамтын ажиллагааны талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж байна. НҮБ-ын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай гэдэгт бид мөн санал нэгддэг.
Филиппин Улс нь Үндсэн хуульдаа тусгасны дагуу энхийг эрхэмлэсэн, хуульт ёсыг дээдэлсэн бие даасан гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Монгол Улс ч мөн адил өв соёлоо хамгаалах, эв эеийг эрхэмлэн дээдлэх уламжлалаа урт хугацаанд хадгалж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд “гуравдагч хөрш” орнуудтайгаа гайхам ололт амжилтад хүрсээр байна.
Тиймээс ч Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь хамгийн ойр “гуравдагч хөрш”-ийн нэг байх нь Филиппин Улсын хувьд нэр төрийн хэрэг билээ. Ардчилал, хүмүүний нэр төр, хуульт ёсыг дээдлэх үнэт зүйлс нь Дорнын сувд болон Мөнх хөх тэнгэрийн оронд тодоор гялалзаж буйг харахад бахархам байна.
Манай хоёр орон ижил төстэй түүхэн өв уламжлалтай билээ. Бид ард түмэн, бүс нутаг болон дэлхий нийтийн сайн сайхны төлөөх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж буй цаг үед миний Улаанбаатарт хийж буй айлчлал нь бидний утга төгөлдөр нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийг улам бататгах чин эрмэлзлийн илэрхийлэл болж байна.
Ирэх 50 жилийн хамтын ажиллагаагаа тодорхойлох энэхүү цаг дор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Дэлхий дахинд энх тайван, эв нэгдлийг сахин хамгаалж, хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө хамтран зүтгэх” болон Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жуниорын “энх тайван, хуульт ёсыг эрхэмлэн дээдэлсэн, бүх улс оронд хүсэл эрмэлзлийнхээ дагуу хөгжин цэцэглэх боломжийг олгосон олон улсын хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах” уриалгыг чиг удирдлага болгон урагшилцгаая.