2024 оны Олимпын наадмын эрхийн төлөөх өрсөлдөөнөөс Ром нэрээ татав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-10-12 10:54:22

РОМ. /KAZINFORM/. 2024 оны зуны Олимпын тоглолтыг Ром хотод зохион байгуулах талаар гаргасан хүсэлтээ Италийн Олимпын хороо албан ёсоор буцаан татлаа. Учир нь, Олимп зохион байгуулах өрсөлдөөнд Ромын нэрийг дэвшүүлэхийг тус хотын зөвлөл эсэргүүцсэн байна.

Тус улсын “Таван од” намын улс төрч бөгөөд Ром хотын дарга Виржиниа Ражи хэлэхдээ “хогоо цэвэрлэх, авлигатай тэмцэх зэрэг асуудлыг Ром эн тэргүүнд тавих хэрэгтэй байна” гэв.

Ром хот нэрээ татсанаар одоо Парис, Лос-Анжелес болон Будапешт гэсэн гурван хот 2024 оны зуны Олимпын тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд тунаж үлдлээ. АНУ-ын Бостон болон Германы Хамбург хот өрсөлдөөнөөс нэрээ татсан билээ.

2024 оны Олимпыг зохион байгуулах эрхийг аль хотод өгөх тухай шийдвэрийг Олон улсын Олимпын хороо ирэх оны есдүгээр сард гаргах юм.

Ром хот өмнө нь 2020 оны Олимпыг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөж байсан боловч 2012 онд өрсөлдөөнөөс нэрээ татаж байсан аж. Тухайн үед Ерөнхий сайд байсан Марио Монти хэлэхдээ “Олимпын наадмыг зохион байгуулах санхүүгийн боломж Италид байхгүй” гэж байв.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ