ЗАВХАН: Зуны сургалт уугуул нутгаа шинжлэх ухаанчаар илүү судлах боломжийг өгдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хомын талын
хүүхдүүдийн энэ зуны сургалт энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болно.
2008 оноос хойш жил бүр Дөрвөлжин сумын Хомын тал, Хар нуурын эрэгт орших Форумын төвд уугуул нутгийн хүүхдүүдэд зориулж, эрдэм шинжилгээний зуны сургалтыг
Хомын талын Тахь ТББ-аас зохион байгуулж байна.
Энэ жилийн зуны сургалтад Онц багийн 12-16 насны 50 хүүхэд оролцох гэж байна. Хүүхдүүд зуны сургалтаар гурван цогц мэдлэгийг авна.
Нэгдүгээрт, Хомын тал орчмын ховор амьтан,
ургамлын тухай шинжлэх ухааны мэдлэг мэдээлэлтэй болж, Хомын талын тахь 20 жилд
хэрхэн өсөж үржсэн, ямар сонирхолтой үүх түүхтэй амьтан болохыг мэдэж авна.
Түүнчлэн өөрийн нутагт зусдаг усны шувуудын талаар мэдлэг мэдээлэлтэй болж, эргийн шувуудын ажиглалтыг хийн дурандаж таньж
мэддэг, нэрлэдэг болно. Хомын талын биологийн олон янз байдлын тухай
мэдээлэлтэй, мэдлэгтэй болох юм.
Хоёрдугаарт, Хомын
талын ургамал бэлчээрийн талаар товч сонирхолтой мэдээллүүдийг сонсож мэднэ.
Хөтөчтэй алхалт хийж, ургамлын судалгааны зарим аргуудтай танилцаж хэмжилт
хийнэ. Говийн ургамал, биологийн олон янз байдлын тухай мэддэг болно.
Гуравдугаарт, “Хомын талын хөтөч болцгооё” нэртэй нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, эко аялал гэж юу болох, "Гэртээ жуулчин авчирцгаая" нэртэй аяллын хөтөлбөрийг сургалтын үеэр хамтран гаргаж, дүрийн тоглолт зохион байгуулна. Хамгийн чухал нь хоёр өдрийн турш хүн ба байгаль орчин сэдвийн хүрээнд тусгай хамгаалалттай газар гэж юу вэ, ямар ангилал байдаг. Бидний эргэн тойрон дахь байгаль дэлхийд дарамт учруулж байгаа зүйлс, түүний эсрэг бид юу хийж чадах вэ. Уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох, хог хаягдал, хууль бус ан агнуур, уул уурхайн талаарх мэдлэг ойлголтыг авах юм. Хүүхдүүд нутагтаа байдаг ховор, нэн ховор амьтан, ургамлын мэдлэгтэй болсноор уугуул нутгийнхаа онгон дагшин байгалийг сэвтээхгүй эко, амьдралын эерэг хандлагатай болж цаашид Хомын талдаа жуулчин хүлээж авах аялалын хөтөч болох юм.
Бид жил бүрийн зун, уугуул нутгийн малчдын 30 гаруй хүүхдэд нэг долоо хоногийн хугацаанд энэ мэтчлэн сэдэвтэй сургалтыг зохион байгуулдаг. Сургалтад оролцогч хүүхдүүд жил бүр шинэ мэдлэгийг олж авч, шинжлэх ухааны олон төрлийн сэдвээр ярилцдаг. Хүүхдүүдэд байгаль орчин, амьтан хамгааллын чиглэлээр суралцаж буй оюутнууд болон Тахь холбооны менежер, байгаль хамгаалагч, судлаачид хамтран хичээлийг заадаг юм.
Жил бүрийн сургалтын үр дүн гарч байгаа нь сайшаалтай. Учир нь хүүхдүүдэд зориулсан сургалтын үр дүнд уугуул нутгийн малчдын хүүхдүүд байгаль орчин, биологийн төрөл зүйлүүдийг сонирхон судлах, цаашид энэ чиглэлээр их дээд сургуульд суралцах болсон.
Сургалтад сурч байсан нутгийн хүүхдүүдээс өөрсдийн сонирхлоор, амьтан судлаач, ургамал судлаач, байгаль орчны бүхий л төрлөөр илүү гүнзгийрүүлэн судлахаар хүүхдүүд их дээд сургуульд суралцаж, бэлтгэгдэж буй нь бахархам юм. Хомын талын хүүхдүүдийн зуны сургалт ийнхүү олон хүүхдийн хүсэл мөрөөдлийг хөтөлж, тэдэнд уугуул нутгаа шинжлэх ухаанчаар илүү судлах, байгаль орчны тогтвортой хөгжилд гар бие оролцох боломжийг нь олгосон тухай Хомын талын тахь ТББ-ын Дөрвөлжин сум дахь байгаль хамгаалагч, зохицуулагчид мэдээлэв.
Хомын талын хүүхдүүд зуны сургалт
Зуны сургалт