"Хүйтэн дайн"-ыг эцэс болгосон Рейкьявикийн уулзалтаас хойш 30 жил өнгөрчээ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-10 11:59:44

МОСКВА./TASS/. ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган нарын түүхэн уулзалтын 30 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал “Рейкьявикаас үлдсэн өв 30 жилийн дараа” сэдвийн дор өнөөдөр Исланд улсын нийслэлд эхэлж байна.

М.Горбачев эрүүл мэндийн шалтгаанаар уг хуралд хүрэлцэн ирэх боломжгүй болж түүний оронд “Горбачев сан”-гийн гадаад харилцааны албаны захирал Павел Палажченко оролцохоор болжээ. П.Палажченко Рейкьявикт болсон хэлэлцээний үеэр Горбачевын орчуулагчаар ажиллаж байсан юм.

Түүний мэдээлснээр, тус бага хуралд хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан хүмүүс, тухайлбал Зэвсэглэлд хяналт тавих агентлагийн дарга асан Кеннет Эдельман, Рейганы туслахаар ажиллаж байсан Жон Мэттлок, Зөвлөлтийн төлөөлөгчдийн ахлагч асан Алексей Обухов, түүнчлэн цөмийн зэвсгийг хураах болон аюулгүй байдлын асуудлаар дагнасан шинжээчид, эрдэмтэд, дипломат ажилтнууд оролцох аж.  

Бага хуралд оролцогчдод хандан Михаил Горбачев, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жорж Шульц нар үг хэлнэ.

Эргэн сануулахад, 1986 оны 10 дугаар сарын 11-12-нд Исланд улсын нийслэл Рейкьявик хотод М.Горбачев, Р.Рейган нар уулзаж, ЗХУ болон АНУ-ын стратегийн зэвсэглэлийн асуудлаар хэлэлцээ хийсэн юм. Хэдийгээр уулзалтын үр дүнд ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй боловч чухамдаа энэ уулзалтын ачаар  “Хүйтэн дайн” зогссон гэж үздэг.  

Рейкьявикт тавигдсан эхлэлд үндэслэн 1991 онд Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах тухай Гэрээг хоёр тал байгуулсан билээ.

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ