Засгийн газрын хуралдааны үеэр Apple-ийн цаг зүүхийг хориглов

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-10 10:22:22

ЛОНДОН./TASS/. Засгийн газрын хуралдааны үеэр Apple маркийн цаг зүүж болохгүй гэдгийг Их Британийн сайд нарт хатуу анхааруулсан байна.

Учир нь, уг цагийг Оросын нууц албаныхан хакердсан байж магадгүй гэж сэжиглэж байгаа тухай “Дейли телеграф" сонинд бичжээ.

Өмнөх Ерөнхий сайд Дэвид Камероны үед Хуульзүйн сайд Майкл Гоув нарын зэрэг танхимын зарим гишүүд  “ухаалаг цаг” зүүдэг байсан бол Тереза Мей-гийн засгийн газрын гишүүдэд ийм цаг зүүхийг шууд хориглосон аж. Учир нь, хакерууд уг цагийг нууцаар сонсох төхөөрөмж болгон ашиглаж болзошгүй гэнэ.

Түүгээр ч зогсохгүй, засгийн газрын хуралдааны үеэр гар утас хэрэглэхийг хориглосон байна.

Apple-ийн үйлдвэрлэсэн цагтай холбоотой хардлага төрүүлэхээр нэгэн явдал Майкл Гоувд тохиолдсон аж. 2014-2015 онд Консерватив намын парламент дахь бүлгийн даргаар ажиллаж байсан тэрбээр засгийн газрын нэгэн хуралдааны үеэр цахим шуудангаа шалгах гэж байгаад санаандгүйгээр өөр товчлуур дарахад Америкийн дуучин Бейонсегийн дууны бичлэг танхим дүүрэн эгшиглэж байжээ.

Б.Адъяахүү

 

 

 

Холбоотой мэдээ