ЗАВХАН: Музейн 100 шилмэл үзмэрийн танилцуулга бүхий товхимол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-19 12:05:48

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймагт музей байгуулсны 100 жилийн ойд зориулан 100 шилдэг үзмэрийн товхимол хэвлэжээ.


Завхан аймгийн музейг 1924 онд байгуулсан. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 10500 гаруй үзмэртэй.


Аймаг, орон нутгийн онцлог бүхий Орон нутгийн музей болон Алдартны музей гэсэн хоёр төрөлжсөн музейн нийт 18 танхимд үзмэрээ дэглэн олон нийтэд үзүүлдэг.


Түүх соёлын өв нь бидний өвөг дээдсийн мандан бадарч мөн маргаашийнхаа төлөө тэмцэж явсных нь гэрч юм. Энэхүү түүхэн үнэт өв соёлоо хайрлан хамгаалж, хойч үедээ өөрсдийнхөө түүхтэй хамтатган өвлүүлэх ажлыг үе үеийн музейн хамт олон хийж байна. Энэ жил түүхэн 100 жилийн ойдоо зориулж аймгийн музейн үзмэрүүдээс дээжлэн товхимол гаргаад байна. Шилмэл 100 үзмэрийн тухай сонирхолтой танилцуулга мэдээлэл, гэрэл зургуудыг энэ товхимолд багтаасан.

Тухайлбал лянганы багаж байна. Уг багаж нь музейн угсаатны зүйн танхимын үзмэрт байрладаг ба нийт зургаан ширхэг бий.


XIX зууны эхэн үеийн шашны багаж юм. Уг лянганы багажийг Гүрбадам дархан бүтээжээ. Газар уул усаа тахиж тайхад хэрэглэж байсан гэдэг. Дөрвөн очиртой багаж тэгүг, чаганцангийн хамт хэрэглэдэг байжээ.
Мөн "Модон пүрэв" үзмэр товхимолд багтсан байна. Тус үзмэр нь уран Сүрэнгийн XIX зууны сүүл үеийн модон бүтээлүүдийн нэг юм.

Уран Сүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт амьдарч байсан Монголд алдартай шашны модон сийлбэрийн бүтээлүүдтэй уран дархан хүн байсан аж. 


Сүрэнгийн олон бүтээл дотроос уг пүрвийг дан модоор хийсэн. Пүрвийн оройн хэсэгт догшин 10 хангал, Жамсрангийн догшин дүртэй, улаан хүрэн будаг тавьсан байна.

Модон, төмөр пүрвийг лам нар аливаа муу муухай, ад зэтгэрийг даран номтгоход хэрэглэж байсан шашны нэг төрлийн багаж юм.


Орон нутгийн болон Алдартны музейн угсаатны зүй, шашны, археологийн танхимуудын үзмэрүүдээс дээжлэн иргэд, аялагч жуулчдад зориулсан танилцуулга бүхий товхимол хэвлүүлээд байна гэж Завхан аймгийн музейн дарга Ж.Юнрэндорж мэдээлэв. 


Лянганы багаж 

Модон Пүрэв

100 шилмэл үзмэрийг багтаасан товхимол

Холбоотой мэдээ