“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-16 14:30:15

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. ХУД-т үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас “Говь”-ийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил гацсан юм. Тэгвэл тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосноор “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-нд албадан чөлөөлсөн билээ. Энэ замыг ашиглалтад оруулснаар Нарны зам, Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар багасах юм.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Түгжрэлийг багасгахаар дөрвөн байршилд нүхэн гарц байгуулж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай энэ замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам юм. Энэ онд нийслэлийн замын 80 хувийг засаж, шинэчилнэ” хэмээв. 


Түүнчлэн, ирэх долоо хоногт хоёр жил гаруй гацсан “Ээрмэл”-ийн замын ажлыг дуусгахаас гадна “Таван шар”-ын нүхэн гарцыг энэ сард, “Яармагийн зам”-ыг ирэх долоодугаар сард нээнэ гэж НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Холбоотой мэдээ