Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-13 17:16:18

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. НИТХ-ын XX хуралдаанаар нийслэл хотын 2024 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулсан юм. Нийслэл энэ онд багтаан 500.0 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжих болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ.

Тодруулбал, Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх аж. Үүнд:

  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний суурь хэрэглээг хангахад 300.0 тэрбум төгрөг,
  • Улаанбаатар хотын гол болон туслах, гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд 150.0 тэрбум төгрөг,
  • Ариутгах бохир усны “Туул-1” коллекторын байгууламжийн ажилд 40.0 тэрбум төгрөг,
  • Үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд 6.0 тэрбум төгрөг,
  • Андеррайтинг үйлчилгээний зардалд 4.0 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ. 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хот нийтийн аж ахуй болон нийтийн тээврийн салбарт ажиллагсдын цалинг нэмэх талаар мөн төсвийн тодотголд орсон. Дээрх салбарын ажилчдын цалинг нэмэхгүйгээр хүний нөөцийг тогтоон барих боломжгүй байгааг хэллээ. Мөн нийслэлийн нийтийн тээврийн салбарыг ашигтай ажиллуулахын тулд зорчигчдын өгч буй бэлэн мөнгийг жолоочийн халаасанд оруулах бус автобус компанийн орлого болгох шаардлагатай байна гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ. 


Нийслэлийн энэ жилийн төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон давж биелэх бодит шалтгаан, нөхцөлийг тооцсоны үндсэн дээр хотын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр:

  • хотын төсвийн нийт орлогыг 1 их наяд 113.3 тэрбум төгрөг,
  • нийслэлийн төсвийн нийт орлогыг 3 их наяд 156,1 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тодотголд тусгажээ.

Нийслэлийн төсвийн тодотголын дараагийн хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд хийнэ. 

Холбоотой мэдээ