Үерээс хамгаалах байгууламжийг 22 байршилд барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-13 13:45:59

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. НИТХ-ын хуралдаанаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, нийслэлийн энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай хэлэлцэж байна.


БХБЯ, НЗДТГ хамтран гаргасан Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр 1966 оны үертэй дүйцэх хэмжээний үер болоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж, 34,900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэжээ.


Нийслэлд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 400, борооны ус зайлуулах 209 км замын, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ бий. Эдгээрийн 67 хувь нь элэгдэж муудсан тул үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэхдээ 408 км үерийн хамгаалалт, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих юм. Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км байгууламж шинээр барихаас зургаад нь борооны усны шугам, үерийн даланг засаад байна.


Мөн Хан-Уул дүүргийн Дунд голын үерийн хамгаалалтын даланг угсарч байна. Баянгол дүүргийн Дунд голын голдирлыг хааж хашаагаа тэлэн барилга барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулжээ. Дунд голын бургасан дунд барьсан байшин, стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна. Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, байгууламжийг хүчитгэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ