Зураач Ц.Оюун-Эрдэнэ Япон Улсад уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн гишүүн, МУСТА, Монгол арт галерейн ерөнхий зураач Ц.Оюун-Эрдэнэ "Монгол арт" бие даасан тусгай үзэсгэлэнгээ Япон Улсад нээхээр болжээ.
Тус үзэсгэлэнг
Монгол арт галерейн 5 жил, Монгол-Япон улсын соёлын хэлэлцээр байгуулсны 50
жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнд зураачийн 20 орчим бүтээлээс гадна сүүлийн таван жилийн хугацаанд хуулбарлан зурсан "Их хүрээ” томоохон бүтээлийг дэлгэх юм.
Уран бүтээлч Ц.Оюун-Эрдэнэ 2008 онд Дүрслэх Урлагийн Дээд сургуулийн Монгол зургийн ангийг С.Ганзам багшийн урланд суралцаж төгссөн юм. Түүний зураг шилдэг дипломын ажлаар шалгарч байв. Уран бүтээлийнхээ гарааг Дүрслэх Урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгт ерөнхий зураачаар ажиллаж Монголын сүм хийдийн түүхэн судалгааны бүтээлүүд дээр ажиллаж эхэлжээ. Дөрвөн жилийн хугацаанд "Эрдэнэ зуу" сэдэвт монгол зургийн бүтээлээрээ 2017 онд Монголын Зураачдын Эвлэлийн нэрэмжит Өндөр гэгээн Занабазарын хүндэт шагналыг хүртсэн юм.
Тэрбээр XIX
зууны сүүлчээр Монголд байсан
700 гаруй их бага хүрээ дацангаас үндсэн бурхны шашны томоохон цогцолбор төв
Гандантэгчинлэн, Дашчойлин,
Дамбадаржаалин, Манзушир, Амарбаясгалант зэрэг түүх соёлын дурсгалыг том
хэмжээний цуврал болгон монгол зургийн дэлгэмэл аргаар дүрслэн бүтээх зорилготой аж. Цуврал бүтээлийг
бүтээхдээ эх сурвалж баримтуудыг судалж тухайн сүм дуганы зохион байгуулалт,
шашин номын баяр ёслолын үеэр үйлддэг лам нарын ёс, дэг жаягаас эхлээд хүрээ
хийд тойрон суурьшсан энгийн ард иргэдийн аж байдал, буян мөргөлийн аянчид,
гадны жуулчид зэрэг зон олон хөлхсөн төв суурин газрын баялаг амьдралыг дүрслэх
юм.
Мөн түүх соёлын гайхамшигт биет болон биет бус өвүүдийг нэгтгэн цогц болгон бүтээснээр монголын түүхийн нэгээхэн хэсгийг бүрэн дүрслэн харуулсан урлагийн бүтээл болох юм.
“Монгол арт” үзэсгэлэнгийн нээлт Япон Улсын Ёкохама мужийн Азамино арт галерейд энэ сарын 25-нд болно. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол арт галерей ажиллаж байгаа бол Японы урлагийн нийгэмлэг, Монгол Улсаас ЯпонУлсад суугаа ЭСЯ дэмжин ажиллаж байна.
Үзэсгэлэн 7 дугаар сарын 1-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болно.