Ойн сангийн суулгацаар нөхөн сэргээлт хийнэ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-10-08 15:13:33

“Монгол орны ойн экологийн төрөл зүйлийн генийн сангийн хөгжил” төслийг БНЧУ-ын Ойн аж ахуй хүрээлэнгээс Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 2015-2017 онд хэрэгжүүлж байна. Тус төсөлд хоёр дахь мониторинг хийх зорилгоор Чехийн Хөгжлийн агентлагийн мэргэжилтэн Лүциэ Худа, Ойн экспертийн мэргэжилтэн Ярослав Славицки нар тус аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч уулзлаа.

Төслийн гол зорилго нь Чех улсын “Патрик” технологиор бортогонд ургуулсан суулгацаар тариалалт хийж жилд 100 мянгаас 300 мянган суулгац бэлтгэдэг “Ойн үржүүлгийн загвар төв”-ийг байгуулж ажиллуулахад чиглэж өнгөрсөн оноос Дархан-Уул аймгийн “Домогт Шарын гол” ХХК хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил гаруй хугацаанд Чех, Монголын мэргэжилтнүүд Монгол Улсад ойн генийн санг хамгаалж хөгжүүлэхийн тулд Монгол орны ойн экологийн төрөл зүйлийн байршлыг тодорхойлох судалгааг хийхийн зэрэгцээ Монгол мэргэжилтнүүд орон нутгийн ажилтнуудад үр түүх, үрийн материалыг хэрхэн арчилж хамгаалах талаар сургалт зөвлөгөөн зохион байгуулж иржээ. Цаг уурын өөрчлөлт болон хүний зохисгүй үйлдлээс шалтгаалсан цөлжилт улам эрчимжиж байгаа тул түүнийг сааруулах, нөхөн сэргээхэд ой чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат ойн генийн сангийн төслийг гурван жил хэрэгжүүлээд өнгөрөх биш цаашид хугацааг уртасгаж өргөжүүлэх хүсэлтээ уламжилсан улсын хэмжээний томоохон сургалтын төв байгуулахаар эрмэлзэж буйгаа хэлсэн юм. Мөн үеэр мониторингийн багийнхан төслийн хэрэгжилтийн явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Энэхүү төслийн хүрээнд 2017 он гэхэд ойн сангийн 100 мянган ширхэг суулгац тарих, үрийн аж ахуйг байгуулах ажил хийгдэж байгаа аж. Эдгээр суулгацаас нөхөн сэргээх ажлуудыг аймгийн хэмжээнд ирэх онд эхлүүлэх шийдвэр гарсан. 1990-ээд оноос Уул уурхайн компаниуд төдийгүй улсын хэмжээнд зохион байгуулалтгүй газар ухсан байдаг. Эдгээр газруудын нөхөн сэргээлт болон аймгийн хэмжээний инженерийн шугам сүлжээ шинээр солигдсон газруудад төслийн суулгацуудыг ашиглаж эхний ээлжид ногоон байгууламжийг бий болгохоор төлөвлөсөн байна.

                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ