ДУНДГОВЬ: "Их мандал зурхай" харваачдын холбооны эрэгтэй, эмэгтэй баг хос цом хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Сурын дов хэмээх газарт
зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд
Дундговь аймгийн харваачид хос цом авлаа.
Эрэгтэй багийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол
Улсын үндэсний сурын дархан мэргэн Доригийн Адилбишийн, эмэгтэй багийн аварга
шалгаруулах тэмцээнийг гавьяат тамирчин, үндэсний сурын дархан мэргэн
Чойжилсүрэнгийн Мөнхцэцэгийн нэрэмжит болгон зохион байгуулсан ба 70 багийн 1000
гаргуй харваач оролцжээ.
Тэмцээнд Дундговь аймгаас Монгол Улсын даян мэргэн
Ө.Хатанболор ахлагчтай эмэгтэй баг, спортын мастер О.Дашдондов ахлагчтай
эрэгтэй баг оролцож, тус аймгийн түүхэнд
анх удаа хос алтан медаль, хос цомоор шагнуулсан юм.
Дундговь аймгийн “Их мандал зурхай” харваачдын холбоо 2019
онд байгуулж, тус холбооны харваачдаас 2019 онд аймгийн анхны эмэгтэй
мэргэн, 2024 онд Монгол Улсын даян мэргэн тодорсон төдийгүй спортын мастер 18, дэд
мастер 5, аймгийн мэргэн 6, аймгийн
цолтон 10, сумын цолтон 8 төрөн гарчээ.
Тус холбооны харваачид 2019 оноос хойш улс, аймаг, бүсийн
хэмжээнд зохион байгуулсан бүх тэмцээнд амжилттай оролцсон төдийгүй Монгол Улсын шилдэг манлай 4 харваач, Монгол улсын шилдэг
нум урлаачийг төрүүлж, 2 удаа Шилдэг харваачдын холбоогоор шалгарч байсан.
Ташрамд, тус холбооны харваачид бүгд Монгол Улсын шилдэг нум урлаач Ч.Эрдэнэ-Оюуны урласан нумаар харвадаг онцлогтой.