ДАРХАН-УУЛ: Энэ хавар 104 мянган мод, бут тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-11 13:49:10

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд энэ хавар 104 мянган мод бут тарьжээ.


Нийтийн эзэмшлийн 1466 м.кв талбайг зүлэгжүүлж, уг ажилд 90 аж ахуйн нэгж, байгууллага, 3221 иргэн оролцсон талаар аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.




Тодруулбал, доройтсон ойг нөхөн сэргээхээр 46 га талбайд 48424, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр голын татмыг ойжуулах, авто замыг хамгаалах, ойн зурвас байгуулахад 40266 хот, суурин газрын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 15311 мод тарьжээ.




Энэ ажилд “Дархан хотын соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ Дархан миний Монгол цэцэрлэгт хүрээлэн, Дархан-50, Морин хуур цогцолборт өрөл, нарс, голт бор, буйлс, хайлаас, интоор зэрэг 2232 мод тарьжээ.


“Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГ Дархан сумын есдүгээр баг Морин хуур цогцолборын зүүн талд “Ногоон паспорт-Ногоон төгөл” ”Шинэ иргэний төгөл”-д 528 шилмүүст болон навчит мод тарьсан байна.




“Хар ус гол” ТББ Дархан сумын гуравдугаар баг Наадмын талбайн орчимд Хар ус голын эрэг дагуу улиас, бургас зэрэг 1200 мод, Сум дундын ойн анги Хараа голын эрэг дагуу 7 га талбай буюу Мод үржүүлгийн газарт монос, хайлаас, өрөл, агч төрлийн 163 навчит мод тарьжээ.


Мөн “Нарлаг тавтын булаг” ТББ Дархан сумын хоёрдугаар баг Хараа голын эрэг дагуу 7.9 га талбайд “Эко төгөл”-ийг өнгөрсөн жил байгуулж, энэ онд монос, хайлаас, өрөл төрлийн 1000 навчит мод тарьсан байна. 


Ташрамд, 10 жилийн хугацаанд Дархан-Уул аймаг 20 сая мод тарьж ургуулна.


Холбоотой мэдээ