Гаитид хар салхины улмаас амиа алдагсдын тоо 800-гаас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-08 10:27:06

НҮБ. /ВВС/. Энэ долоо хоногийн мягмар гарагт Гаити улсыг маш хүчтэй “Мэтью” хар салхи дайран өнгөрсний улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 800 давжээ.

Хар салхинд хамгийн их өртсөн өмнөд нутгийн хот суурингуудад аврах багийнхан саяхан хүрсэн тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж НҮБ мэдэгдлээ.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэргэжилтэн Карлос Велосогийн хэлснээр, хар салхинд өртсөн зарим хотод агаар болон далайгаар л хүрч болж байгаа аж. Тус улсын өмнөд нутгийн 31 мянган оршин суугчтай томоохон хот болох Жеремигийн байшин барилга, дэд бүтцийн бараг 80 хувь нь сүйтгэгджээ.

Гаитид наад зах нь 350 мянган хүнд, тэдний дотор 2010 оны газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болж, өдийг хүртэл майханд амьдарч байгаа хүмүүст яаралтай тусламж хэрэгтэй байна.

НҮБ-ын тусламжийн агентлагууд Гаитигийн засгийн газрын хүсэлтээр тус улсад тусламж үзүүлэхээр ажиллаж байна.

Гаити бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд тус улсад 11 сая хүн үерийн аюултай бүсэд амьдардаг ажээ.

“Мэтью” хар салхи Гаитид 2010 оноос хойших хамгийн том хүмүүнлэгийн хямралыг үүсгэжээ. 2010 онд тус улсад газар хөдлөлт болсны улмаас 225 мянга гаруй хүн амиа алдсан юм. Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон 10 мянга орчим хүн өдийг хүртэл хоргодох байранд амьдарч байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ