Ж.Ленноны гитарыг 2.86 сая ам.доллароор заржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-30 16:52:30

НЬЮ-ЙОРК, 2024 оны тавдугаар сарын 30 /Kyodo/. Английн дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны 1960-аад онд тоглож байсан 12 чавхдастай акустик гитар лхагва гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 2.86 сая ам.доллараар зарагдсан нь “Битлз” хамтлагтай холбоотой гитаруудын хувьд үнийн рекорд байлаа.


Julien's Auctions” дуудлага худалдааны ордны мэдээлснээр, уг гитарыг Ж.Леннон, Жорж Харрисон нар 1965 онд гаргасан “Help!”, “Rubber Soul” цомгийн дуунуудаа бичүүлэх үеэр хэрэглэж байсан ажээ. Ж.Леннон гитараа тухайн оны сүүлчээр Шотландын дуучин Гордон Уоллерт бэлэглэсэн бол Г.Уоллер менежертээ өгснөөр олон арван жилийн турш дээврийн хөндийд хадгалагдсан байна.


Дуудлага худалдааны ордны гүйцэтгэх захирал Дэвид Гудман хэлэхдээ, бид Ленноны алдагдсан гитарыг үнэ хаялцуулж, үнийн шинэ дээд амжилт тогтоосондоо туйлын баяртай байна гэлээ.


Битлз хамтлагийн I Want to Hold Your Hand, All My Loving зэрэг дууг зохиож байхдаа хэрэглэж байсан Ж.Ленноны гитар 2015 онд дуудлага худалдаагаар 2.41 сая ам.доллароор зарагдаж байв.



Холбоотой мэдээ