Нобелийн Энх тайвны шагналыг хэн хүртэх бол?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-07 13:15:57

ОСЛО. /ВВС/. 2016 оны Нобелийн Энх тайвны шагналын эзнийг өнөөдөр Норвегийн нийслэл Осло хотод тодруулах гэж байна. 

Энэ нэр хүндтэй шагналыг хүртэх хүнийг 376 нэр дэвшигчийн дундаас сонгожээ. Нэр дэвшигчдийн 228 нь хувь хүн бол 148 нь байгууллага аж.

Харин хэн гэдэг, ямар гавьяа байгуулсан хүн энэ шагналын эзнээр тодорсон нь маш нууц хэвээр байна.

Гэсэн хэдий ч энэ шагналын эзнээр тодорсон байх магадлалтай нэр дэвшигчдийн тоонд Сирийн иргэдийг хамгаалах “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага болон Ираны энхийн хэлэлцээрийг байгуулахад оролцсон хүмүүс оржээ.

Мөн “өөрийн хүчтэй үзэл санаагаараа энх тайван байдлыг тогтооход хувь нэмэр оруулсных нь төлөө” АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп энэ шагналын эзнээр тодорсон гэх цуурхал ч бас тархаад байна.

Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сирид агаарын цохилтод өртөн нурсан барилгын нурангин дороос хүмүүсийг татаж гаргаж буй сайн дурынхны “Цагаан дуулгатнууд” байгууллага энэ шагналын эзнээр тодорсон байх магадлал хамгийн өндөр байгаа аж. Тус байгууллагыг олон нийт хамгийн ихээр дэмжиж байна. Тэдэнд Нобелийн шагналыг гардуулж өгөхийг хүссэн өргөх бичигт 304 мянга гаруй хүн гарын үсэг зураад байгаа гэнэ.

Өнгөрсөн онд Нобелийн Энх тайвны шагналыг Тунисыг ардчилалд шилжихэд тусалсан “Тунисын үндэсний хэлэлцээний дөрвөл” хэмээх дөрвөн байгууллагааас бүрдсэн бүлэгт олгосон билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ