Дотоодын нийт бүтээгдэхүүн 19.4 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) энэ оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 16.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (19.4 хувь) их наяд, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 440.7 (7.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны эхний улиралд 3.8 хувиар буурч байсан бол өнгөрсөн оны эхний улиралд 7.9, энэ оны эхний улиралд 7.8 хувиар нэмэгдсэн байна. Улирлын нөлөөллийг арилган тооцсон ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас -0.2 хувиар багассан байна. ДНБ энэ оны эхний улиралд 7.8 хувиар өссөний -1.3 нэгж хувийг хөдөө аж ахуй, 1.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын, нэг нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын, 4.1 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ. Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний улиралд 158.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 72.4 (31.4 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь ДНБ-ий өөрчлөлтөд -1.3 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Уул уурхай, олборлолтын салбарын
нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний улиралд 920.3
тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 106.5 (13.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
аж.