Зургаан шинэ зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-27 16:59:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутагт байрлах “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийг өнгөрсөн онд ашиглалтад оруулж, тээвэрлэлтийг эхлүүллээ.


Зүтгүүрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Progress Rail A Caterpillar” компанийн SD70ACe/LW загварын 16 зүтгүүрийг Монголд нийлүүлэхээс эхний зургааг хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүлж байна. Хүнд даацын төмөр замын тээврийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүчин чадал бүхий эдгээр зүтгүүр нь зах зээлд туршигдсан, дизель хөдөлгүүртэй. Мөн инновац шингээсэн радиал тэргэнцэр нь манай улсын хувьд анх удаа нэвтрүүлж буй явах ангийн бүтээц юм.


“Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нэг хэсэг нь зүтгүүрийн засварын төв бөгөөд манай улсад анх удаа АНУ-ын зүтгүүрт зориулан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан билээ. Тус төвийг арчилгаа үйлчилгээ, засвар хийх зориулалтын 34 тоног төхөөрөмж, 112 гар, цахилгаан багажаар тоногложээ. Эдгээрийг 9 үндсэн цех, 12 туслах цехэд хуваан байршуулсан. Нийт 2125 м2 талбайд үзлэгийн 3 зам байрлан, 6 зүтгүүрт зэрэг арчилгаа, засвар хийх боломжтой аж.



Цогцолбор төслийн хүрээнд хийсэн томоохон ажлын нэг Вагон засварын депо нь ОХУ, БНХАУ, Украйн зэрэг улсад үйлдвэрлэсэн дэвшилтэт технологийн хамгийн сүүлийн үеийн автомат, хагас автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Нийт 3528 м2 засварын зургаан талбайд их, дунд засвар, үйлчилгээ хийх, орчин үеийн тусгай зориулалт бүхий 164 бүрэн автомат, 31 механик, 90 гар багажаас бүрдсэн 285 багц тоног төхөөрөмжтэй. Энэ төв нь жилд 1300-1500 орчим вагонд их, дунд засвар, арчилгаа үйлчилгээ хийх, 3800 тэргэнцэр, 7200 хос дугуй, бусад 12000 эд ангийг оношилж, сэргээн засах хүчин чадалтай. Мөн механик цехэд CNC удирдлагатай TCK-50A загварын токарийн суурь машин, CNC плазма зүсэгчийг нэвтрүүлсэн онцлогтойг ЗТХЯ мэдээлжээ. 



Холбоотой мэдээ