"Тэнгэр" олон улсын бөөгийн фестиваль зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран энэ сарын 25-26-нд Хүй долоон худагт “Тэнгэр” олон улсын бөөгийн фестиваль зохион байгуулна.
Хоёр дахь жилдээ
зохион байгуулж буй тус фестиваль нь эх орноо таниулах, тусгай сонирхлын
аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах, өв уламжлалаа
дэлгэрүүлэх, Нүүдэлчин угсаатны уламжлалт соёлын өв болох бөө мөргөлийн ёс
заншил, зан үйлийг сурталчлах зорилготой. Фестивальд Монгол, БНСУ, Франц, Польш, АНУ, Канад, ОХУ, Хятад,
Япон, Солонгос зэрэг 27 улсын есөн зуу орчим бөө мөргөлч оролцож, улсынхаа бөө мөргөлийн онцлог,
уламжлал, ёс заншлыг үзүүлж, сонирхуулна.
Энэ үеэр нарны тахилга, бөөгийн туг сүлд залах ёслол, дэлхийн амар амгалангийн төлөөх
бөөгийн зан үйл, галын
тахилга болон гадаад
улсуудаас ирсэн төлөөлөгчид бөө мөргөлийн зан үйл үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн язгуур урлагийн
тоглолт, шувуучлахуй, морин харваа,
цирк, шүхрийн үзүүлбэр болон орон орны бөөгийн өв соёлтой танилцах отгуудаар зочлох, морь, тэмээ, цаа буга, үхэр тэрэг
унах, олон үндэстний хоолны өргөө, нум сум харвах, шагай наадгай зэрэг сонирхолтой
үйл ажиллагаа өрнүүлэх аж.