А.Гутерриш эмзэг давхаргынхныг онцгой анхаарна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-07 08:59:00

ЛИССАБОН./ВВС/.Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутерриш НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга болсон тохиолдолд эмзэг давхаргынханд туслахаа мэдэгдлээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ түүнийг энэ албан тушаалд пүрэв гарагт санал болгосон юм. Түүнийг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн таван жилийн хугацаатайгаар НҮБ-ын тэргүүнээр томилохыг АЗ Ерөнхий Ассамблейгаас хүсчээ.

Лиссабон хотноо Гутерриш үг хэлэхдээ, өөрийг нь санал нэгтэйгээр дэмжсэн АЗ-д талархал илэрхийлэхийн сацуу НҮБ-ын тэргүүнийг сонгох үйл явцыг "ил тод байдлын үлгэр жишээ байлаа" гэж дүгнэсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ "дэлхий дахинд тулгамдаж буй олон асуудал байна. Зөрчил мөргөлдөөн, терроризм, хүний эрхийн зөрчил болон ядуурлын хохирогч болж буй эмзэг давхаргынханд хүнлэг хандаж, тэдэнд онцгой анхаарал хандуулан ажиллах болно" гэжээ.

193 гишүүн орноос бүрдэх Ерөнхий Ассамблей Гутерришийг НҮБ-ын тэргүүнээр удахгүй сонгох төлөвтэй байна.

Өдгөө 67 настай тэрбээр урьд нь НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссараар ажиллаж байсан билээ. Бан Ги Мүний хувьд НҮБ-ыг удирдах хоёр дахь таван жилийн хугацаа нь энэ оны эцсээр дуусгавар болох юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ