Дэлхийн миссүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-06 21:15:05

МЗХ-ноос өнөөдөр "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа" уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй “Face of Beauty International 2016” олон улсын тэмцээний оролцогч АНУ, ОХУ, БНХАУ, Финланд, Швед, Испани, Шриланка, Швейцарь, Нигер, Аргентин зэрэг дэлхийн 60 орны мисс оролцов.

Уулзалтыг нээж МЗХ-ны Удирдлага төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат хэлэхдээ, “95 жилийн түүхтэй Монголын залуучуудын унаган байгууллагад зочилж байгаа дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүдэд Монголын залуучуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Манай холбооны зүгээс олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээний зохион байгуулагчдад хандан “Хүүхдийн хүчирхийллийн төлөө хамтдаа” уриалгад дэлхийн 60 орны миссийг нэгдэх санаачилга гаргасан. Бидний энэхүү санаачилгыг дэмжин хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэхийг уриалж байна” гэв.

2015 эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 1333 хүүхэд өртсөн судалгаа гарчээ. Хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэргийн тоо өмнөх оноос 22.9 хувиар өсч, 702 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 21 аймагт хийсэн судалгаанд хамарсан 1100 хүүхдийн 63.7 хувь нь гэр бүл дэх хүчирхийллийн гэрч болж, талаас илүү хувь нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон байна.

МЗХ-ноос 2016-2017 онд хүүхдийн хүчирхийллийн асуудалд анхаарч нөлөөллийн ажлууд хийхээр төлөвлөсний дагуу ийнхүү дэлхийн 60 орны миссийг "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа" нэгдэхийг уриалсан уриалга гаргалаа. Уриалгад миссүүд улс улсынхаа төрийн далбааны хажууд гарын үсгээ зурав.

Энэхүү уриалгыг Азийн залуучуудын байгууллагаар дамжуулан Монгол орон төдийгүй дэлхийн нийтээр түгээн дэлгэрүүлэх юм.

Уулзалтад МЗХ-ны удирдлагууд, 21 аймгийн Залуучуудын холбооны тэргүүн нар, МОХ-ны төлөөлөл оролцов.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ