С.Одбаяр: Иргэд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь суларсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-06 14:06:04

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Одбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайншанд хотын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, сумын Засаг даргын албан даалгавар гарч  сумын хэмжээнд холбогдох байгууллага, албаны хүмүүст үүрэг чиглэл өгөөд ажиллаж байна.

Захирамж гарсантай холбогдуулж захирамжийн биелэлтэд хяналт тавих үүднээс сумын Захирагчийн ажлын албаны дэргэд Ажлын хэсэг байгуулсан.  Сайншанд сумын харьяа төсөвт байгууллагууд шаардлагатай  өвлийн бэлтгэлээ базааж дууслаа.

Бид харьяа төсөвт байгууллагууд болох цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг, багийн ажлын алба, Хот тохижуулах алба зэрэг байгууллагаар орж ажил байдалтай нь танилцаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлуудыг  сонсож ажиллалаа. Сайншанд сумын нийт 7 багт  5 сургууль, 5 цэцэрлэг, 5 өрхийн эмнэлэг, 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг, дээрх байгууллагууд бүгд халаалт дулаанд холбогдох бэлтгэл ажлаа  хангасан. 10 дугаар сарын 01-нээс сумын ард иргэдийг ус, дулаанаар хангадаг “Чандмань-Илч” компани хэрэглэгчдэд халаалт дулаанаа нийлүүлж эхэлж байна.

Төсөвт байгууллагууд өвс тэжээл бэлтгэх ажлыг мөнгөн дүнгээр нь бодоод хөрөнгө төвлөрүүлчихдэг юм байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил одоогийн байдлаар 90 орчим хувьтай.  

-Мал аж ахуйн хувьд бэлтгэл ямархуу байна?

-Малчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, өвс тэжээл бэлтгэх, өвлийг өнөтэй давах талаар албан даалгаварт тусгасан. Өвс тэжээл бэлтгэх ажлыг манайхаас үүрэг чиглэл өгсний дагуу холбогдох аж ахуй нэгж, хүмүүс зохион байгуулж буй. Харин  Захирагчийн Ажлын албанаас үүнд хяналтаа тавьж ажиллаж байна.

Малчид  хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ бэлтгэх ажлыг гардан зохион байгуулж байна. Одоогийн байдлаар  өвс авах талаар  нэг иргэнтэй гэрээ хэлэлцээр байгуулсан.

 -Өвс тэжээл хаанаас бэлтгэж байгаа вэ?

-Сүхбаатар аймгаас татан авахаар зохицуулж байгаа. Мөн өвс тэжээл авах талаар өмнө нь Сайншанд сумын Алтанцэцэг гэдэг иргэнтэй гэрээ байгуулж байсан юм байна. Үүний дагуу холбогдох хүмүүс ажлаа гүйцэтгэж байна.

-Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд  хэр ахицтай байна?

-2016 оны хувьд Орон нутгийн хөгжлийн  сангийн хөрөнгө оруулалтаар Сайншанд суманд нийт 494.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Өнөөдрийн байдлаар 7 ажлыг хийсэн, хоёр ажлыг  хийж амжаагүй.

Өвөл хаяанд ирсэн учраас бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Зүүнбаян багт тоглоомын талбай байгуулах, Зүүнбаян багийн 78 айлын орон сууцны 2 дахь шатны засварын ажлыг хийхээр гэрээ байгуулсан. 

Сумын нэг, хоёр, зургадугаар багт гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг хийж дууслаа. Дөрөвдүгээр багийн дан байрны айл өрхийг дулаан бохирын шугаманд холбох ажил өрнөж байна. “Дорноговь 80” цогцолборыг камержуулсан.

Зүүнбаян багт ТҮЦ машин суурилуулах ажил үргэлжилж байна. Харин айл өрх, гудамж талбайг хаягжуулах, жишиг гудамж талбай байгуулах ажил хараахан эхлээгүй. Бүтээн байгуулалтын  ажлуудын заримтай нь танилцаж байхад чанар, гүйцэтгэлийн хувьд анхаарах зүйлүүд харагдлаа.

Тийм учраас цаашдаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явцыг хянах, чанарыг сайжруулахад анхаарч ажиллах бодолтой байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр иргэд аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээний зээл авч байгаа. Харин авсан зээл, үйлдвэрлэл бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрхэн үр ашигтай байгаа бол?

-Хүмүүсийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой байх нөхцлийг бүрдүүлэхэд Сум хөгжүүлэх сангийн  зээл их тус дэм болдог.

Энэ зээлийг анх жилийн гурван хувийн хүүтэй 2011 оноос олгож эхэлсэн бөгөөд 2013 он хүртэл зээлд ямар нэгэн барьцаа авдаггүй байж. Харин 2013 оноос гэрээнд өөрчлөлт орж  барьцаа хөрөнгө авдаг болсон.

Дээрх сангийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлт ямархуу байгаа талаар саяхан аймгийн Санхүүгийн тасгаас хяналт шалгалт хийлээ. Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт маш муу байна. 2011 онд зээл авсан хүмүүс зээлээ төлөөгүй байх жишээтэй.

Хугацаа хэтэрсэн зээл ч их байна. Нэгэнт мэргэжлийн байгууллага шалгаад акт тавиад, тухайн хүмүүст албан шаардлага өгсөн учир бид шүүхэд хандах,зээлийг эргэн төлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Зээлийн эргэн төлөлт сайн байж  л дараагийн зээлдэгч зээл авах боломж бүрдэнэ.  Мэдээж Сум хөжгүүлэх сангаас зээл аваад хүнсний ногоо, талх нарийн боов, гар урлал, оёдол зэрэг тодорхой чиглэлээр үйлдвэрлэл явуулаад ашиг орлого олж, амжилттай явж байгаа үйлдвэрлэл эрхлэгчид бий.

Цаашдаа бид эргэн төлөгдөх боломжтой, тухайн төсөлд үр өгөөжөө өгөх, хэрэгжих үндэслэлтэй төсөл арга хэмжээг шалгаруулж зээлд хамруулах бодлогыг баримталж ажиллана.

-Иргэд юун түрүүнд ямар асуудлыг шийдвэрлүүлэхээр санал тавьж байна?

-Иргэд  олон асуудал  тавьж байна. Жишээ нь цэцэрлэг сургуулиудын засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмжийг сайжруулах, багш  нарын хувьд  мэргэжил дээшлүүлэх, гадаад дотоодын сургалтад хамрагдах, нийгмийн баталгаагаа хангуулах, цалин урамшуулал, тэтгэмжийн асуудлыг ярьж байх жишээтэй.

Олон иргэн газар өмчилж авах талаар санал гомдлоо илэрхийлсэн. Ялангуяа төлөвлөлтгүйгээр газар олгож ирсэн нь эргээд сөрөг нөхцөл байдлыг бий болголоо. Малаа эрүүлжүүлэх, МЭҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах, малчдын хариуцлагыг сайжруулах  ажил чухал байна.

Хот маань хоггүй байхаас л бүх зүйл эхэлнэ. Сар бүрийн есдүгээр сарын 25-нд бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг ч зөвхөн төсөвт байгууллагуудын хүрээнд өрнөөд байгааг анзаарлаа. Иргэдийн хувьд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох оролцоо суларсан байгаа нь харагдлаа.

Тиймээс иргэд олон нийтийн оролцоог сайжруулах,тэдний оролцоотойгоор ажлаа зохион байгуулах шаардлага гарч байна. Ажилд томилогдсоноос хойш зөвхөн төрийн албан хаагчдын төлөөлөл гэхэд л 700 гаруй хүнтэй уулзсан байна. Тиймээс богино хугацаанд ажлыг гартаа оруулахаар ажиллаж байна.  

Дээрээс нь баг хорооны иргэдийн санал хүсэлтийг ч сонслоо. Олон нийтээс гарсан саналуудыг багцалж аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгах, сумын ЗДТГ-ын үйл ажиллагааны бодлого чиглэлд тусгах, хэлтэс тасгийн нэн тэргүүний зорилго, бодлого чиглэл болгож ажиллахаар зорьж байна.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ