ӨВӨРХАНГАЙ: Үндэсний бөхийн хүүхдийн улсын аварга шалгаруулах анхдугаар барилдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-10 12:35:44

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн 2024 оны хүүхдийн улсын аварга шалгаруулах анхдугаар барилдаан өнөөдөр эхэллээ.


Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбатын санаачилгаар зохиож буй тус барилдаанд 10-15 хүртэлх зургаан насны ангиллаар 19 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн 446 өсвөрийн бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдана.



Барилдаан энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд түрүү байруудыг арвагар хээрийн угшил хурдан даагаар байлах юм. Энэ нь нүүдэлчин өв соёлоо уламжилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой. 2021 оны 11 дүгээр сард “Авзагын хүчтэн” үндэсний бөхийн холбоог байгуулж, өсвөрийн бөхийн цуврал барилдааныг зохион байгуулахдаа халзан цагаан хургаар байлж байсан гэдгийг сумын Засаг дарга Б.Ганбат хэлэв.


Ирээдүйн аваргуудын барилдааныг дэмжихээр олимпын анхны хүрэл медальт, гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав, Монгол Улсын начин Б.Ганбаатар, гавьяат дасгалжуулагч Ө.Насанжаргал, Б.Хаштогтох, Улсын гарьд Ц.Бямба-Отгон тэргүүтэй “Их Монголын хүчтэн дэвжээ”-ний бөхчүүд, Д.Цэрэнтогтох аваргын үр хүүхэд, гэр бүл нь хүрэлцэн ирсэн байна. 













Холбоотой мэдээ