ДОРНОГОВЬ: Хамтарсан сургуулийн үеэр хоёр орны үндэсний өв соёлыг сурталчлан таниулах өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-07 09:00:16

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын БХЯ, Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуулийг Дорноговь аймагт зохион байгуулах бэлтгэл ажил эхэлжээ.


Хамтарсан сургууль зохион байгуулах бэлтгэл ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчин 2023 оноос эхлэн хангаж эхэлсэн бөгөөд эдүгээ сургуулийн районыг байгуулж, сургалт дадлага, хангалт үйлчилгээг тасралтггүй явуулж байгаа юм.


Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль төвлөгөөний дагуу энэ онд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт болох бөгөөд 2017 онд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2017” тактикийн хээрийн сургууль энэ районд явуулж байжээ.


Хамтарсан сургуулийн үеэр үндэсний соёл уламжлалаа сурталчлан таниулах “Нүүдэлчин Монгол” соёлын өдөрлөг, “Үзэсгэлэнт Дорноговь” үзвэр үйлчилгээ, үндэсний спорт, уралдаан тэмцээнийг Монгол Улсын талаас зохион байгуулна.




Харин БНХАУ-ын талаас соёлын үйл ажиллагаа, спортын наадмыг хоёр улсын цэргийн алба хаагчдын дунд явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн сургуульд оролцогчид их говьд мод тарьж, цөлжилтийг сааруулах, байгаль цаг уурын өөрчлөлтийг багасгахад өөрсдийн хувь нэмрээ оруулсан зорилтот ажил өрнүүлэхээр болсон байна.


Хамтарсан сургуулийн үр дүнд хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн  мэдлэг, дадлага, ур чадвар, бэлтгэлийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын харилцан ажиллах боломжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой ажээ.

 

Холбоотой мэдээ