Гавьяат тамирчин Б.Сэр-Од зургаа дахь Олимпдоо уралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 09:54:54

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Данийн Копенхаген хотод “Парис-2024” зуны Олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн тэмцээн өчигдөр боллоо.


Энэ уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, “Парис-2024” зуны Олимпын наадамд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа. Өдгөө 43 настай Б.Сэр-Од гавьяат “Парис-2024” Олимпын наадамд оролцох Монголын багийн 14 дэх эрхийг авсан бөгөөд марафоны төрөлд уралдах гурав дахь монгол тамирчин болж байна. Парисын Олимпод Монголын гурван марафонч уралдана.


Тодруулбал, Б.Сэр-Од зургаа, Б.Мөнхзаяа гурав дахь Олимпдоо хурдаа сорих бол Г.Хишигсайхан анх удаа Олимпын замд дэлхийн шилдгүүдтэй уралдах нь ээ. “Парис-2024” Олимпын наадамд 214 орноос эмэгтэйчүүдийн ангилалд 42 улсын 88, эрэгтэйчүүдэд 41 улсын 70 тамирчин Олимпын наадамд уралдах эрхээ авсан байна.


Тэгвэл тус тэмцээнд уралдсан олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Түүний хувьд өнгөрсөн гуравдугаар сард болсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарч олимпын эрхээ авсан юм.


Манай марафоны баг тамирчид “Парис 2024” Олимпын наадамд таван эрх авахыг зорьж байгаа бөгөөд олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ойрын хугацаанд дэлхийн чансааг зарлаж, баталгаажуулна. 







Холбоотой мэдээ