Өвөлжилт хүндэрч болзошгүй тул бэлтгэлээ сайн базаахыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-05 22:34:30

Энэ жил Говь-Алтай аймгийн нийт нутгийн 60 хувь зуншлага сайн, 40 хувь нь гандуу гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Нийт бэлчээрийн 45 хувь нөөцтэй, 36 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй,17 хувьд нь бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн, 1 хувьд нь 5 дахин хэтэрсэн гэсэн төлөвтэй байна.

Бичин жил цас их орж өвөлжилт хүндэрч болзошгүй талаар болон өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх талаар сум, малчдад мэргэжлийн байгууллагуудын зүгээс мэдээ мэдээлэл хүргэн анхааруулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны 322-р тогтоолоор хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах даалгавраар тус аймаг аюулгүйн нөөцдөө 173 тн өвс, 25 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 1 сумд 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх даалгавартай бөгөөд энэ дагуу аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг бүрдүүлэх тендер зарлаж гүйцэтгэгчээр “Ус-Алтай” ХХК шалгаран ажиллаж байна.

Одоогоор сумдын аюулгүйн нөөцөд нийт 246 тн өвс, 36,2 тн тэжээл бэлтгээд байна. 09-р сарын 30-ны байдлаар аймгийн хэмжээнд 2203 тн хадлан, 62,2 тн гар тэжээл бэлтгэсэн мэдээтэй байна. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгөөр Цогт суманд 2, Тайшир суманд 1, Баян-Уул суманд 1, Жаргалан суманд 1 нийт 5 инженерийн хийцтэй  худаг шинээр  гаргахаар тендер зарлан гүйцэтгэгчээр “Ус-Алтай” ХХК шалгарч  худаг гаргах ажил хийгдэж байна.

                                                                               Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ