ХОВД: “Шинэ хоршоо” хөдөлгөөний баруун бүсийн нээлтэд 1200 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-04 22:58:34

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  “Шинэ хоршоо” хөдөлгөөний баруун бүсийн нээлт өнөөдөр Ховд аймагт боллоо.  


Үүнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн малчин, тариаланч, хоршоологчдын төлөөлөл 1200 гаруй хүн оролцов.  


Энэ үеэр “Бүсийн онцлогт тохирсон хоршооны загвар төсөл”, “Хоршооны засаглал”, Хоршооны малчин", “Малчны зээлд хамрагдах боломж” зэрэг сэдвээр мэдээлэл түгээж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 


Баруун бүсийн аймгуудад 30 мянга гаруй малчин өрх бий. Үүнээс 9000 орчим малчин өрх нь Ховд аймгийн нутагт уламжлалт мал аж ахуй эрхэлж байна.   

 

Мөн тус аймагт 283 хоршоо, 606 нөхөрлөл бий. Үүнээс 116 хоршоо, 222 нөхөрлөл нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа гарчээ.  


“Шинэ хоршоо” хөдөлгөөнд есөөс дээш малчин сайн дураараа нэгдэж хоршоо байгуулна. Хоршоонд нэгдсэн малчин өрх жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкаар дамжуулан авах боломж бүрдэнэ.  


Ингэснээр хоршоог хөгжүүлэх, малын гаралтай түүхий эд, арьс, шир боловсруулан бүтээгдэхүүн хийх, зах зээлд нийлүүлэх боломж өргөжнө. Цаашлаад хоршооны гишүүн малчны сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломж нээгдэх юм. 


Өнөөдрийн үйл ажиллагааны хүрээнд "Шинэ хоршоо" үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.  


Үүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан зургаан сумын 26 хувиараа хөдөлмөр эрхлэгч оролцсон ба  өөрсдийн үйлдвэрлэсэн 116 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэж, 5 сая гаруй төгрөгийн орлого бүрдүүлжээ. 


Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаагаараа онцлогтой юм.     




Холбоотой мэдээ