Согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүдийн тоог цөөрүүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-05 21:38:17

Дархан-Уул аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлын Зохицуулах зөвлөлд аймгийн Цагдаагийн газраас “2016 оны эхний найман сарын гэмт хэргийн гаралтын нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл хийлээ. 

Тус аймгийн хэмжээнд 2016 оны эхний найман сард 456 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 88 хэргээр буюу 16.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнээс 374 буюу 82.0 хувь нь хотын төвд үйлдэгдэж гэмт хэргийн гаралт Дархан сумын 3, 6, 8, 10, 11, Өргөө, Хонгор, Шарын гол суманд 53.8 хувь хүртэл өсчээ. Харин бусад сум, багуудад гэмт хэргийн гаралт 71.4 хувь буурсан. Байршлаар нь ангилбал 39,6 хувь нь ахуйн хүрээнд, 21,7 хувь нь гудамж талбайд, 10 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдэж дийлэнх нь 22-06 цагийн хооронд буюу орой үдшийн цагаар гардаг байна. Мөн нийт гэмт хэргийн 2-3 гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдэж нийт холбогдогчдын 2-3 хүн тутмын нэг нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн. Аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоож гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч “Нэг тэрбумаараа тэмцэцгээе”, “Тамхины хяналт”, “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье”, “Иргэн таны төлөө” зэрэг ажлыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ.

Цаашид нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын нэг давхарт архи согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрлийг хяналтгүйгээр олгож цэгийн тоог огцом нэмснийг дагаж ахуйн хүрээний архидалт, гэмт хэрэг нэмэгдэж байгаа тул цэнгээний газруудын ажиллах цагийг сунгасан шийдвэрийг цуцлах нь зүйтэй гэсэн санал гаргасан нь дэмжигдлээ.

                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ