УДБЭТ “Үйлийн гурван толгой” балетаар тавдугаар сарын тоглолтоо эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-02 16:46:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын хамт олон тавдугаар сарын тоглолтоо үндэсний бүтээлээр эхлүүлж буйгаа мэдээллээ.


Тодруулбал, тус театрын уран бүтээлчид энэ сарын 4, 5-нд “Үйлийн гурван  толгой” Монголын үндэсний  балетаа тоглохоор бэлтгэл ажилдаа  ороод  буй юм. 


Их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" жүжгээс сэдэвлэн балетмейстер Б.Жамъяндагва "Үйлийн гурван толгой" хэмээх гурван бүлэг 4 үзэгдэлт бүжгэн жүжгийг дэглэн тавьж 1987 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийж УАДБЧ-ын удирдаач Х.Сүндэд удирдсан байна. Б.Жамъяндагва уг балетыг зохиолчийн анхны эхийг баримталж эмгэнэлт бүтээлийн төрөл жанраар туурвисан юм.


Уг бүтээлийн хөгжмийг МУГЖ Ж.Мэнд-Амар үндэсний хөгжимд зориулан бичсэнийг 2007 онд УГЗ В.Боролдой симфони найрал хөгжимд хөрвүүлсэн байна.


"Үйлийн гурван толгой” балетын  товч түүхээс....

Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д. Нацагдоржийн  ширгэшгүй баялаг ардын аман зохиолоос сэдэвлэн  бүтээсэн “Учиртай гурван толгой” дуурийн эх зохиолийг үндэслэн “Үйлийн гурван толгой” монголын сонгодог балетыг 1987 онд  монголын балетын урлагийг үндэслэгч  Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Жамъндагва дэглэн найруулж УДБЭТ-ын тайзнаа тоглосноос  хойш эдүгээ 37  жилийг ардаа  орхижээ.

Уг зохиол XIX зууны сүүлийн хагаст Монголын Дорнод нутагт болсон  бодит түүхээс сэдэвлэн бичсэн бөгөөд анх “Учиртай гурван толгой” жүжгийн  зохиолын гаригийг тавихдаа үйл явдал болсон нутаг усны нэрээр “Үйлийн гурван толгой ” хэмээн  нэрлэж байсан баримт байдаг аж.  Их зохиолч Д.Нацагдорж тухайн үеийн нийгмийн амьдралд болсон бүх хэв шинжит үйл явдалд тулгуурлан  хүн  хүнээ эзэрхэн мөлжих ёсон дээр тогтсон тухайн үед ядуу хүмүүст ямарч эрх чөлөө байхгүй, тэр ч байтагуй зарим хүмүүсийнх нь хайр дурлал нь хаад ноёдын хавчлагийн дор эмэгнэлтэйгээр төгсөж байсныг тод томруунаар харуулж чадсан байна. 

Зохиолч түүхийн үнэнг уран сайхны аргаар боловсруулж зохих ёсны нэмэлт, хасалт хийж “Учиртай гурван толгой” жүжгийн зохиолыг бичсэн байдаг. Амьдралд болсон үйл явдлыг хэвээр нь хадгалан үлдээсэн нь уг бүтээлийг туйлын үнэмшилтэй, итгүүлэх, уяруулах,ойлгуулах чадвартай реалист зохиол болсон байдаг.


Балетмейстер Б.Жамъяндагва уг зохиолыг судалж үзсэний үндсэн дээр агуулга, чанар, зохиомж, хэллэгийн хувьд ямарч үед  үл өөрчлөгдөн, мөнхрөн үлдэх  суут  бүтээл байсан  хэмээн үзсэн учраас уг зохиолын утга санаа, түүний  уран чадварыг шүтэж өөрийн мэргэжил болох сонгодог балетын хэлээр бүтээл туурвих санаа төрж, санаа шулуудан “Үйлийн гурван толгой” балетыг туурвисан  түүхтэй.



Холбоотой мэдээ