Баруун бүсийн форум, үзэсгэлэн худалдаа хөрш орныхны сонирхлыг ихэд татав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-01 14:34:09

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ЭЗХЯ, тус яамны Хөрөнгө оруулалт худалдааны газар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ хамтран “Бизнесийн сэргэлт-Баруун бүсийн форум”-ыг Увс аймагт зохион байгууллаа.

Баруун бүсийн аялал жуулчлал, тээвэр логистик, ХАА зэрэг салбарын хөгжлийг хөндөн хэлэлцсэн форумын үеэр Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгчид орон нутгийн онцлогийг шингээсэн, брэнд бүтээгдэхүүнээ дэлгэсэн үзэсгэлэн худалдаа гарав. Форум болон үзэсгэлэн худалдаанд хил залгаа ОХУ болон БНХАУ-аас 60 гаруй төлөөлөл, зочид хүрэлцэн ирж оролцлоо. Мөн Боршоо боомтоор дамжин Улаангомд орж ирдэг Тува иргэд өргөнөөр оролцлоо.

ОХУ-аас ирсэн төлөөлөгчид манай улсын баруун бүсийн орон нутгийн бүтээгдэхүүнийг ихэд сонирхон форумын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, бүс нутгийн дараагийн форумыг ОХУ-ын нутаг дэвсгэрт хийх саналыг тавьсан юм.   


Энэ удаагийн форум, үзэсгэлэн, худалдаа нь баруун бүсийнхэнд эдийн засгаа өргөжүүлэх, хөрш орны зах зээлд гарах бүрэн дүүрэн боломж байгааг харуулсан үйл явдал болсон талаар ЭЗХЯ-наас мэдээллээ.

Форумын үеэр МҮХАҮТ-аас зарласан “Бизнесийн сэргэлт”-ийн 10.000 залууг бизнест бэлтгэх, олон улсын бизнесийн Personal MBA-гийн сургалтын хөтөлбөрийн баруун бүсийн нээлт болж, 30 гаруй залуус хамрагдав. Мөн Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн 100 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй эмэгтэйчүүдийг дэмжих олон улсын “SheTrades Mongolia Hub”-д нэгдлээ. 

Холбоотой мэдээ