ХОВД: Баруун бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-26 15:09:41

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаан өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар “Жангар” соёлын өвийн их наадам зохион байгуулах журам батлах, аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн баруун бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах тухай хэлэлцэж, санал дэмжигдлээ.

Ингэснээр баруун бүсийн хөдөө аж ахуйн салбарыг кластрын тогтолцоогоор хөгжүүлэх, бүсийн онцлогт тохирсон сорт бүтээх, тариалах технологи боловсруулах, газар тариалангийн эцсийн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх, шинжлэх ухаан, инновацын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж бүтээмж, чанарыг сайжруулах боломж бүрдэнэ.

Энэ удаагийн хуралдаан нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 60 гаруй хувийн ирцтэй өрнөж, холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд урилгаар оролцжээ.    

 

Холбоотой мэдээ