ХОВД: Сурагчдын 68 хувь нь хичээлээс гадуурх дугуйланд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-16 19:56:50

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн тайлант өдөрлөг өнөөдөр "Хамтын ажиллагаа амжилтын үндэс" сэдвийн хүрээнд өрнөлөө.

Тус сургууль энэ хичээлийн жилд 1190 сурагч, 60 багш, 30 гаруй ажилтантай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Тус хамт олон хүүхдийн сурах, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ хичээлийн жилд хичээлээс гадуурх үйл ажиллагааг эрчимжүүлж, сонгон, секц, дугуйлангийн тоог нэмж, чанар хүртээмжийг нь сайжруулахад түлхүү анхаарчээ.  


Өөрөөр хэлбэл, тус сургуулийн сурагчдын 68 хувь нь өөрийн хүсэл, сонирхлын дагуу хичээлээс гадуурх 27 нэр төрлийн үйл ажиллагаа, сонгон, дугуйланд хамрагдаж мэдлэг, авьяас, ур чадвараа хөгжүүлж байна.  


Энэ удаагийн өдөрлөгийн үеэр урлаг, спорт, мэтгэлцээн, урлахуй, бийрэн бичлэг зэрэг 27 нэр төрлийн дугуйлан хичээллүүлсэн багш нар таван өртөөнд хуваагдаж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, онцлох үр дүнгээ тайлагнав.  


Өдөрлөгт сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл 400 гаруй хүн оролцсон ба багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнтэй танилцаж, хүүхэд хамгааллын бодлого, сургуулийн бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.   


Холбоотой мэдээ