"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй үзмэрүүдийг дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-15 16:30:06

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Урлахуйн ухааны үндсэн төрөл танка буюу шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг багтаасан "Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд өнөөдөр нээлээ.


Тус үзэсгэлэнг Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд улсын Соёлын яамны санаачилгаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей хамтран зохион байгуулж буй юм.


Үзэсгэлэнд Эрдэнэзуу музейгээс XVIII зуунд хамаарах Гомбо Махгалын дүрүүд болон Гомбогүр, Чойжин ламын сүм музейгээс Арван хангал бурхад, Дүрслэх урлагийн музейгээс өндөр гэгээн Занабазарын хөрөг дүрүүд, Богд хааны ордон музейгээс VIII Богд Жавзандамбын өмнөх дүрүүд болон найман Богдын дүрүүд, Арван хангал бурхад, Дара эх болон бусад шүтээний нандин танка зураг болон XIX зууны шилдэг бүтээлүүдийг дэглэн үзүүлж буйгаараа онцлогтой.


Мөн хамгийн жижиг 10 см хэмжээтэйгээс 300 см өндөр шүтээн зургуудаас бүрдсэн 233 шүтээн зургийг анх удаа цогц байдлаар олон нийтэд хүргэж байна.


Төдийлөн олны дунд дэлгэж байгаагүй үнэлж баршгүй хосгүй үнэт бүтээлүүдийг 14 хоногийн турш тус үзэсгэлэнгээс үзэх боломжтой.


Шүтээн зураг нь монголчуудын дунд шүтээн зураг, бурхан зураг, эрдэнэт зураг хэмээн нэрлэгдэж, эрт дээр үеэс хөгжсөөр ирсэн бурхан дүрслэлийн урлаг нь дэлхий дахинаа танка хэмээх нэрээр алдаршжээ. Шүтээн зургийн дүр дүрслэл агуулга нь бурхны хөрөг дүрээр хязгаарлагдахгүй судар ном, бурхдын намтар, орд өргөө, сүм хийд, багш дээдэс, хутагт хувилгаан, түүхэн хүмүүсийн хөрөг зураг гэх мэт өргөн хүрээг хамардаг. Мөн бүтээх аргаар нь нагтан-хар дэвсгэрт, гартан-цагаан дэвсгэрт, мартан-улаан дэвсгэрт, сэртэн-шар дэвсгэрт хэмээдэг. Шүтээн зураг нь дан ганц бурхдын хөрөг, шүтээн дүрслэхээс гадна монголчуудын ахуй зан заншил, уламжлал, ёсыг ч багтаан илэрхийлдэг цогц урлаг юм.









Холбоотой мэдээ