ДОРНОГОВЬ: Аргалийн уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-11 11:40:33

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгаль болон түүхийн сонин тогтоц бүхий дурсгалт газруудаас цувралаар хүргэж байна. Энэ удаа тус аймгийн Өргөн суманд байдаг Аргалийн уулыг онцлов.


Аргалийн уул Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас зүүн өмнө зүгт 100 км, Өргөн сумын төвөөс зүүн хойш 80 км зайд, тус сумын Баянмөнх багийн нутагт далайн түвшнээс дээш 1172 метр хүртэл өргөгдсөн, баруун хойноос зүүн урагш 30 орчим км сунан тогтсон сүрлэг хайрхан юм. Монгол орны аргалийн тархцын хувьд хамгийн зүүн зах нутаг бөгөөд эндээс дорно зүгт олон зуун км яваад ч энэ амьтны мөртэй огт тааралдахгүй.


Тиймээс сүр жавхлант хайрхныг эзэн сүргийнх нь нэрээр Аргалийн уул хэмээн өргөмжилсөн байна. Улаан, хөх, бараан өнгийн цав толгод, зээглэсэн атираат уулс, тэдгээрийн дундуур хурын уснаас үүссэн олон жалга судаг сайр гол бий. Уулын эргэн тойрон өмнөд хэсгээр цав толгодорхуу өндөрлөг тал, хойшоо намдуу цэлгэр тал тэнгэрийн хаяа тийш алслан одно.


Дөрвөн зүгт олон үзэсгэлэнт хавцал, амтай. Уулын зүүн өмнөд хэсэгт зүйл бүрийн ургамал цэцэгс алаглаж, хайлаас, буйлс ургасан төдийгүй олон янзын хэлбэр дүрст болон сэнжит хад, агуйтын ам гэх үзэсгэлэнт газар байдаг. Харин баруун өмнөд хэсэгт байх Урсгалын ам нь мөн л үзэсгэлэнтэй. Энд таван цулын эрхтэнд нэн сайн Могойтын рашаан байдаг. Уулын хойд талд Шахааны ам гэх сүрлэг хадан хавцал бүхий ам оршино.


Аргалийн уулын баруун өмнөд хэсэг дэх Баянмөнх хайрхныг нутгийн зон олон жил бүрийн зуны эхэн сарын шинийн гурванд идээ будааныхаа дээжийг өргөн, морь уралдуулж, ном хуруулж газар лусаа аргадан тахидаг.


Холбоотой мэдээ