Монгол орны нийт нутгийн таван хувь нь цастай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-10 13:44:28

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийт нутгийн тав орчим хувь нь цастай байгааг Улсын онцгой комиссоос мэдээллээ.


Энэ тухай өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар танилцуулсан юм.


УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэхдээ, “Өнөөдрийн байдлаар нийт нутгийн тав орчим хувь нь цастай байна. Хамгийн их цастай байгаа нь Увс аймаг. Одоогоор 6.3 сая мал хорогдсон. Сүхбаатар аймагт 1.5 сая, Хэнтийд 842 мянга, Архангайд 658 мянга, Төв аймагт 535 мянган мал хорогдлоо. Голуудын ихээр цас, мөстэй, их хэмжээний ус хуримтлагдсан байгаа учраас шар усны үерийн эрсдэл арилаагүй хэвээр.  Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд УОК-т иргэн, аж ахуйн нэгжээс 3.6 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугларсан” хэмээн ярилаа.


Тэгвэл ус, цаг уурын мэргэжилтэн О.Оюунчимэг энэ сарын 12-ноос цаг агаар баруун аймгуудын нутгаас эхлээд муудах төлөвтэй байгааг анхааруулсан юм. Эрс хүйтрэл, цасан болон шороон шуурга 15-ныг дуустал үргэлжлэх бөгөөд цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүйг сэрэмжлүүллээ.


Харин улсын хэмжээнд 677 устгалын цэгт 531 мянган малын сэг зэмийг устгасан байна. 21 аймгийн 10 нь 10 мянгаас дээш тооны малын сэг зэм устгажээ. Тэгвэл 677 устгалын цэг, нийтийн эзэмшлийн талбай, хашаа, хороо, худаг, бэлчээрийн нийт 487.100 метр квадрат талбайг халдваргүйтгэсэн байна.

Холбоотой мэдээ