Европын Холбооны санхүүжилтээр “Дулаан шийдэл II” төслийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-09 13:03:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хувьд агаарын бохирдол жил ирэх тусам даамжирсаар олон төрлийн өвчин эмгэгийн шалтгаан болж буй.


Тэгвэл Европын Холбооны “СВИЧ-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл нь агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлэх зорилгоор хэрэгжиж байна.

Тус төсөл нь гэр хорооллын байшин сууцыг дулаалах замаар эрчим хүч болон түлшний хэрэглээг багасгаж цаашлаад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор 2018-2026 онд нийт хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд 3556 тонн хүлэмжийн хийн ялгарлаас болон 2411 тонн түлшний хэрэглээнээс сэргийлж чаджээ. Байшинг дулаалснаар дотоод агаарын хэмийн хэлбэлзэл буурч, тогтвортой дулаан байхаас гадна өдөрт олон дахин галлах шаардлагагүйгээр, хөдөлмөрөө хөнгөвчлөх, тав тухтай байх боломжийг олгох давуу талтай.


Өдгөө “Дулаан шийдэл” төслийн хоёр дахь үе шат болох “Дулаан шийдэл II” төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн үр нөлөөг нэмэгдүүлэх, сайн туршлагыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх зорилгоор төслийн үйл ажиллагааг өргөжүүлэн сонгогдсон нэг аймагт хэрэгжүүлэх гэж байна. Төслийн багийн зүгээс аймгийн төвүүдийн агаарын бохирдлын түвшин, төсөл хэрэгжих суурь нөхцөл, эдийн засгийн чадамж зэрэг нийт чанарын болон тоон 13 шалгуур үзүүлэлтэд үндэслэн төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймагтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Үүнтэй холбоотойгоор энэ оны гуравдугаар сарын 21, 22-нд төслийн баг болон санхүүжүүлэгчдийн төлөөлөл Дархан хотод ажиллалаа. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Хот төлөвлөлтийн газар, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Найрамдал” төслийн багтай уулзаж, Дархан-Уул аймагт барьж байгаа эрчим хүчний хэмнэлттэй загвар сууц, ижил төстэй төсөл хөтөлбөрүүдтэй танилцжээ.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, байгаль орчинд ээлтэй арга, технологи нэвтрүүлэх, сурталчлах замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Утаагүй Дархан” хөтөлбөр манай аймагт хэрэгжиж байгаа. Энэхүү “Дулаан шийдэл II” төсөл манай аймгийн зорилт, стратегитай нийцэж байгаа учраас бид маш их таатай хүлээж авч байна” хэмээн ярилаа.


Харин Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны газрын дарга Адриен Мург “Энэ төслийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхэд аймгийн удирдлагууд  хүчин чармайлт гарган ажиллаж байгаад туйлын баяртай байна. Оролцогч талуудын хичээл зүтгэл дээр тулгуурлан төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Уулзалтын үр дүнд Дархан-Уул аймагтай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулахаар харилцан тохиролцов. Үр дүнд нь 2024 ондоо багтан Дархан-Уул аймгийн иргэд “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд зөв технологийн дагуу, стандарт дулаалга хийлгэх боломжтой болж байна. Дархан-Уул аймагт төсөл хэрэгжсэнээр Дархан хотын байшин сууцтай иргэд төслийн хүрээнд бэлтгэгдсэн бригадуудаас стандартад нийцсэн дулаалгын үйлчилгээ авах боломж нээгдэх юм. “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд дээвэр, хана, суурь, шалны болон бүтэн дулаалгын технологиудыг боловсруулж, дулаалгын ажил гүйцэтгэх чадвартай бригадууд бэлтгэж байгаа бөгөөд хамтрагч банк болон банк бус санхүүгийн байгууллагын ногоон зээлийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Төслийн хүрээнд, мөн дулаалгын ач холбогдлыг олон нийтэд танилцуулах, эрчим хүчний хэмнэлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо чиглэлээр олон нийтэд зориулсан кампанит ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан Шийдэл II” төслийг БНФУ-д төвтэй “Жэрэс” олон улсын төрийн бус байгууллага, Монголын барилгын үндэсний ассоциац, Монголын эмэгтэйчүүдийн сан, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын ногоон санхүүгийн корпорац хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Анх 2017 онд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг Монгол Улсын Засгийн Газраас зарласан даруйд гэр хорооллын хувийн сууцны дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох замаар агаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар “Дулаан шийдэл” төслийг эхлүүлсэн. Уг төсөл нь 2018-2026 онд нийт хоёр үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын барилгын салбарт нөөцөд хэмнэлттэй, бохирдуулагч багатай туршлагыг нэвтрүүлэх зорилгоор хүртээмжтэй, тохиромжтой бүтээгдэхүүнийг хөгжүүлж, санхүүгийн шийдлийг санал болгон хувийн сууцны эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, түлшний хэрэглээ, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Дулаан шийдэл” төслийн фэйсбүүк хуудас болон 7505-2000 утсаар лавлах боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ