Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мопед, цахилгаан дугуйтай нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-09 09:38:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд, өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог.


Тэдний 50 орчим хувь нь бага насны хүүхэд байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай руу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хатуу хориглох болжээ.



Гэвч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр нэвтэрч, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол гаргасаар байгаа тул хориглосон тэмдгээр цэцэрлэгт хүрээлэн рүү нэвтрэхгүй байхыг өсвөр үеийнхэнд анхааруулж байхыг эцэг эх, асран хамгаалагчдад уриалсан байна.


Хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд тус хүрээлэнгийн зүгээс Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэх ажээ.

Холбоотой мэдээ