Ням гарагт дөрөвдүгээр сарын анхны барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-05 14:13:40

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 7-ны ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно.


Дөрөвдүгээр сарын барилдааны салхийг хагалах тус барилдаанд үнэн зоригт улсын харцага Б.Зоригтбаатар, гавьяат тамирчин, улсын начин Л.Отгонбаатар нар хамгийн эхэнд бүртгүүлсэн байна. Уг барилдааны түрүү бөх таван, үзүүр бөх гурван сая төгрөг гардах бол их шөвөгт шалгарсан бөхийг 1.5 сая байлах аж.


Улсын цолтнуудаараа тэргүүлдэг сумуудын эхний 10-ын тав нь Архангайн байдаг. Тэгвэл Батцэнгэл сумаас нийт 18 улсын цолтон төрөн гарсныг Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, Лу Гүний домог аварга Галсанхүүгийн Вандан, хүчит заан Д.Хишигдорж, “Нисэхийн” хэмээх уран барилдаант заан Д.Лувсан, түүнчлэн Г.Батбаяр, Т.Мөнгөнцоож, Б.Зоригтбаатар харцагууд тэргүүлнэ.


Мөн Батцэнгэлийн бөхчүүд Архангайн наадамд 15 удаа түрүүлснээрээ бусад сумаа тэргүүлдэг.  

Холбоотой мэдээ