ЗАВХАН: Зүй бусаар хорогдсон малын тоо өнгөрсөн оноос 47.4 мянган толгойгоор их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-02 16:25:44

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд 119.6 мянган мал зүй бусаар хорогджээ.


Аймгийн дүнгээр 119.6 мянган том мал зүй бусаар хорогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 65.7 хувиар буюу 47.4 мянган толгойгоор өссөн байна. Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 13.7 хувь, бог малын хорогдол 75.4 хувь, бод малын хорогдол 24.6 хувийг тус тус эзэлж байна.


Сумдаас хамгийн их мал хорогдсон нь Их-Уул сум 29.9 мянга, Тосонцэнгэлд 13.9 мянга, Тэлмэнд 12.7 мянган толгой мал хорогджээ. Мөн Отгонд 9.7 мянга, Нөмрөгт 9.6 мянга, Идэр суманд 8.4 мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 70.5 хувийг эзэлж байна.


Том малын зүй бус хорогдол гэдэг нь гэнэтийн аюулаар буюу байгалийн аюулт үзэгдэл, халдвартай болон халдваргүй өвчнөөр хорогдсон. Зэрлэг амьтдад идүүлсэн, бариулсан ба бусад шалтгаанаар хорогдсон төл малаас бусад малыг оруулна.

Оны эхний малд том малын зүй бус хорогдлын эзлэх хувь гэдэг нь зүй бусаар хорогдсон том малын тоог оны эхний малын тоонд харьцуулан 100-гаар үржүүлж тооцдог. Бэлэн хээлтэгч гэдэг нь малын төрөл бүр дэх нас гүйцсэн эм малыг хамруулдаг. Аймгийн хэмжээнд зүй бусаар хорогдсон малын тоо энэ жил өссөн нь зуд болон малын өвчлөлтэй холбоотой байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ