Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын тухай илтгэлийг УИХ-д хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-04-01 16:33:32

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зөрчигдөхөд үзүүлэх хариу үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төслийг нээх ёслол ЭМЯ-нд өнөөдөр боллоо. 


Европын Холбооны санхүүжилтээр "Тэгш Нийгэм Холбоо" ТББ, Италийн "АИФО" ТББ, Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллага болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зөрчигдөхөд хариу үзүүлэхийн тулд төвлөрлийг сааруулсан тогтолцоог бэхжүүлэх мониторинг механизм байгуулах зорилгоор тус төслийг 24 сарын хугацаатай хэрэгжүүлэх юм.


Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 хүн, үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 байгууллага хүний эрхтэй холбоотой бодлого, хууль тогтоомжид нөлөө үзүүлэх чадвартай болох сургалтад хамрагдах бөгөөд Хүний эрхийн үндэсний комисс, тус комиссын аймгууд дахь референтүүд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зөрчигдсөн кейсүүдийг илрүүлж, шийдвэрлэх, арга хэмжээ авч ажиллах ажээ. 

Төслийн үр дүнд төсөлд хамрагдсан байгууллага, хүмүүс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулан ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар мэдээлэл цуглуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлээр дамжуулж УИХ-д мэдээлэл хүргэх юм байна. 

Төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй Хүний эрхийг хангах үндэсний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар, "Оюуны дархлаа төв" ТББ хамтран оролцож байна. 


Төслийн нээлтийн ёслолд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаяр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мүрг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, "Тэгш Нийгэм Холбоо" ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт нар оролцов. 

Холбоотой мэдээ