“Эпл”, “Гүүгл”, “Мета” компаниудыг Европын Холбоо шалгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-26 16:42:39

БРЮССЕЛЬ, 2024 оны гуравдугаар сарын 26 /DW/. Европын Холбоо /ЕХ/ Дижитал зах зээлийн тухай шинэ хуулийг /DMA/ зөрчсөн үйлдлүүдийг мөрдөн шалгах ажиллагааг анх удаа эхлүүлж, АНУ-ын технологийн томоохон компаниуд болох “Эпл”, “Гүүгл”, “Мета”-г шалгаж эхэлжээ.  


Уг хууль энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн юм. Хуулийн дагуу томоохон компаниудыг хэрэглэгчдэд илүү олон сонголт өгч байгаа эсэхийг баталгаажуулах зэргээр илүү шударга дижитал орон зайг бий болгохын зэрэгцээ технологийн том компаниуд дижитал зах зээлийг монопольчлохоос урьдчилан сэргийлнэ.


ЕХ-ны Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон хэлэхдээ, “Гүүгл”-ийн толгой компани “Альфабет” болон “Эпл”, “Мета” компаниудын шийдлүүд нь Европын иргэд, бизнес эрхлэгчдэд илүү шударга, нээлттэй дижитал орон зайг бий болгож байгаа гэдэгт бид итгэхгүй байна гэжээ.


Хэрэв шинэ хуулийг дагаж мөрдөөгүй нь тогтоогдвол тус холбооны гүйцэтгэх байгууллага болох ЕХ-ны Комиссоос тухайн компанийн дэлхий даяарх нийт эргэлтийн 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах ба давтан зөрчсөн тохиолдолд торгуулийн хэмжээг 20 хувь хүртэл нэмэгдүүлнэ.


DMA бол ЕХ-ны Дижитал үйлчилгээний тухай хуулийг дагалдан гарсан хууль бөгөөд хууль бус контентыг зохицуулах, мөн цахим платформууд дээр үзэн ядсан үг хэллэгүүдийг дэлгэрүүлэх зэргээс сэргийлэх арга хэмжээнүүдийг авах ажээ.

 


Холбоотой мэдээ