АРХАНГАЙ: Эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-25 11:25:32

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхэд хохирсон тав, хүүхэд холбогдсон хоёр гэмт хэрэг  бүртгэгджээ.


15-16 насны хөвгүүд оролцсон дээрх гэмт хэргийг төрлөөр нь харвал хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу зодооны хэрэг байна. Хэрэгт холбогдсон хүүхдүүдийг эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.4-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүндэвтэр хохирол учруулах гэсэн заалтаар шалгаж байна.


Хохирогчид нь 13-16 насны хөвгүүд байна. Хөвгүүд аливаа гэмт хэргийн холбогдогч, хохирогч болоод байгаа шалтгааныг сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа үе тэнгийн дээрэлхэлт, эцэг эхийн хүүхдэдээ тавих анхаарал, хяналт муу байна. Мөн хүүхэд, эцэг эхчүүдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас шалтгаалж хүүхдүүд хохирч байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.


Хамгийн сүүлд буюу энэ сарын 13, 14-ний өдрүүдэд 15 настай гурван хөвгүүн орон сууц, байрны гадаах талбайд байсан 50 гаруй машины 150 гаруй дугуйг мэс ашиглаж, хагалсан нь тогдоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Мөн л ар гэрийн хараа хяналт сул хүүхдүүд байжээ.


Хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2022 оноос эхлэн буурсан эерэг үзүүлэлттэй байсан ч энэ оны эхний 3 сарын мэдээгээр өссөн дүнтэй гарсан байна. Тийм учраас Цагдаагийн газраас эцэг эхчүүдэд хандаж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна гэдгийг хэлэв.

    

Аймгийн хэмжээгээр он гарсаар эхний 3 сарын байдлаар 80 гэмт хэрэг гарч, 50 хүн холбогдсон байна. Гэмт хэргийн улмаас 1 хүн нас барж, 29 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 479.8 сая төгрөгийн хохирол учирчээ.


Бүртгэгдсэн нийт хэргийн 2.5 хувийг бүлэглэж, 25 хувийг согтуугаар үйлдсэн бөгөөд зөрчил гаргасан 15 хүнийг албадан саатуулж, 58 хүнийг баривчилжээ.

Холбоотой мэдээ