ДОРНОГОВЬ: Сайншандад зочилсон сансрын нисгэгчид

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-22 13:14:31

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.


1981 оны гуравдугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас Монголын /хуучнаар БНМАУ/ сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ОХУ /хуучнаар ЗХУ/ -ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” сансрын станцтай холбогджээ. Ж.Гүррагчаа В.Жанибеков нар сансарт долоо хоног, 20 цаг 42 минут аялж дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан байдаг.


Энэ түүхэн үйл явдлын дараа “Союз-39” хөлгөөр Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлж сансрын ертөнцөд ниссэн ЗХУ, БНМАУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрмэдийн Гүррагчаа, Зөвлөлт- Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэх ажилд үр бүтээлтэй оролцон, нислэгийн бэлтгэлийн программыг бүрэн биелүүлж, нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан "Союз-39" хөлгийн хоёрдугаар багийн гишүүн, БНМАУ-ын сансрын нисэгч Майдаржавын Ганзориг нар Дорноговь аймгийн Сайншанд хотноо 1981 оны зургаадугаар сарын 23-нд зочилжээ.


Хүндэт зочдыг аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ө.Пүлжин, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ж. Гомбожав болон Намын хорооны товчооны гишүүд угтан авсан түүхтэй.


Сансрын эрэлхэг баатруудыг задгай машинд суулган мотоциклчдоор хамгаалуулан Сайншанд хотод ирэхэд хотын гудамжинд хөдөлмөрчин олон түмэн өнгийн дарцаг, цэцгийн баглаа барин баяр хүргэж угтжээ.


Сансрын нисгэгч Ж.Гүррагчааг аймгийн Намын хорооны хүндэт дэвтэрт, сансрын нисгэгч М.Ганзоригийг аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хүндэт дэвтэрт тус тус бичсэнийг сонсгож  гэрчилгээ гардуулсан байна.


Дараа нь аймгийн пионер сурагчид, залуучууд, хөдөлмөрчдийн цуглаан болжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт тус аймгийн хөдөлмөрчид сансрын зоригт хөвгүүдээ зочлон ирэх өдрийг угтан өндөр бүтээлийн долоо хоногийн уралдаан өрнүүлэн ажилласнаар үйлдвэр, аж ахуйн 40 гаруй байгууллага, 1200 гаруй хүн нэмэлт үүрэг авснаа амжилттай биелүүлсэн тухай эх сурвалжид дурджээ.


Мөн сансрын нисгэгчид Сайншанд хотын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, үдээс хойш аймгийн орон нутгийг судлах музей үзэж, АУДуС-иар зочлон, орой нь хөгжимт драмын театрт концерт үзсэн байна. Сансрын нисгэгч Жүгдэрмэдийн Гүррагчаа сансарт ниссэнийхээ дараа хуучнаар ЗХУ, БНМАУ-ын баатар цолоор шагнуулж байсан бол сансрын нисгэгч Майдаржавын Ганзориг 2006 онд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнуулж байв.

 

Холбоотой мэдээ