Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн ойн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-03-22 10:05:10

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 43 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.


1981 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22 цаг 59 минутад сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.


Хүн төрөлхтөн 1961 онд анх сансарт ниссэн бол харин түүнээс яг 20 жилийн дараа буюу 1981 онд Монгол хүн анх удаа сансарт ниссэн юм. Монгол Улс энэ өдөр сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээн, нислэгийн явцад ашигласан 20 дахь, сансарт хүнээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болсон юм.  Харин сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болж сансар судлалын түүхэнд бичигджээ.  


Монгол-Зөвлөлтийн нислэгийн баг ашигт малтмал, амьтан судлал, газар зүйн маш олон зураг авсан нь олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Ялангуяа дэлхийн улс оруудын загас агнуурын аж ахуйд түлхүү ашиглагдах болсон юм. Түүнчлэн нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьсан хэмээн үздэг. Өнөөдөр манай улсад байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт сансрын мэдээллийг ашиглаж байна.


Ж.Гүррагчаа нь 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаа, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамт бэлтгэгдэж эхэлсэн байдаг. 1978 онд Ж.Гүррагчаа нь ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд түүнийг сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч цолоор шагнаж байв. Мөн сансрын нисгэгч В.А Жанибековт БНМАУ-ын баатар цол хүртээсэн юм.


Монгол хүн сансарт нисэх үйл хэрэг 1976 оноос эхтэй байв. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ахлуулсан нислэгт бэлтгэх комисс байгуулж байжээ. Түүнээс жилийн дараа сан­сарт нисэх бэлтгэлд Д.Сүрэн­хорлоо, М.Ган­зориг, Ж.Гүррагчаа, С.Сайн­цог нарыг сонгон бэлт­гэлд явуулсан юм. Тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар сонгогдон үлдэж, харин  Ж.Гүррагчаа бүх шалгуурт тэнцсэнээр сансарт ниссэн байдаг. Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд бэлтгэгдсэн, ШУА-ийн гишүүн, доктор М.Ганзориг сансар судлалын бүтээлээрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. 



Монгол хүн анх сансарт ниссэн энэхүү түүхэн үйл явдлыг МОНЦАМЭ агентлаг бүрэн сурвалжилж дэлхий дахинд мэдээлж байлаа.

МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах багийн бэлтгэсэн сурвалжлага, гэрэл зургууд тухайн үеийн Монголын радио, телевиз, “Үнэн” сониноос эхлээд Монголын бүхий л сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, мөн орос, англи, франц, хятад зэрэг хэлээр дэлхий дахинд түгэж байв. Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийг МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч Т.Галдан, тоймч Д.Базарваань, Утга зохиолын нарийн бичгийн дарга Ч.Чагдар, гэрэл зурагчин Ц.Нина, С.Батсүх, телетайпч Ж.Бямбажав, тухайн үеийн Монголын радио телевизийн улсын хорооны Суртлын редакцийн редактораар ажиллаж байсан, МОНЦАМЭ агентлагийн орчуулагч Я.Сүхбаатар нар сурвалжилж байлаа. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Т.Галдан сансрын нисэгчдийг эх дэлхийдээ эргэн ирэхэд нь анхны товч ярилцлагыг хийсэн юм.


МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч нар Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгт нисэгчдийг бэлтгэж байсан “Оддын хотхон”-д 1978-1981 оны хооронд тусгай томилолтоор ажиллаж, нисэгчдийн бэлтгэл сургуулилтын үеийн бүхий л түүхийг гэрэл зурагаар мөнхөлсөн юм.

 



Холбоотой мэдээ