"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтөд дэлхийн шилдэг мэргэжилтнүүд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-03-18 14:12:06

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Шинэ Хархорум хот төлөвлөлтийн олон улсын нээлттэй уралдааныг 2024 оны гуравдугаар сарын 18-наас 2024 оны наймдугаар сарын 2-нд зарлаж байгааг Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас өнөөдөр мэдээллээ.


Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан ерөнхий инженер М.Нямбаяр, Захиргааны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийв.


Их Монгол Улсын нийслэл "Хархорум" хотыг сэргээн босгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг гарч Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн. Улмаар Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулсан. 


Шинэ хот байгуулалтын олон улсын жишиг нь хот төлөвлөлтийг нээлттэй сонгон шалгаруулалт явуулснаар эхэлдэг байна. 

"Шинэ Хархорум" хот нь:

-Монголын Үндэсний өв соёлын онцлогийг агуулсан орчин үеийн ухаалаг, хүн төвтэй хот байхаар ерөнхий төлөвлөгөөнд туссан. 

-Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 5 дахин том буюу 183,1 мянган га талбайд төлөвлөлт хийгдэж байна. 

-Эхний ээлжид 500 мянган хүн амтай байх ба өсөн нэмэгдэх бүрэн боломжтой.

-Эхний ээлжид 283 мянган ажлын байр шинээр бий болно. 


Улаанбаатар хот нь Монгол Улсын газар нутгийн 0,3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 50 хувь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 66 хувь, эрүүл мэндийн байгууллагын 61 хувь, их дээд сургууль, коллежийн 96 хувь төвлөрч байгаа бөгөөд цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Нийгэм, эдийн засаг, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй асуудлууд хуримтлагдсаар гамшгийн эрсдэлийн түвшин өндөрсөж байгаа нь шинэ хот байгуулах зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд оролцогчид мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Бүртгэлийг нэг сар, үзэл баримтлалыг гурван сарын хугацаанд боловсруулахаар удирдамжид заажээ.

Шалгаруулалт гурван үе шаттай бөгөөд оролцогчдын бүтээлийг цахимаар болон үзэсгэлэн гаргах замаар олон нийтэд танилцуулж санал авна. Эцсийн шалгаруулалтыг дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комисс дүгнэж, шилдэг таван багийг шалгаруулах юм.





Холбоотой мэдээ