БАЯНХОНГОР: Орог нуурт суурин амьдралтай 14 зүйлийн шувуу нутаглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-18 14:17:53
Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Их богдын ар хормойд орших Орог нуур орчмын шувуудыг судлаачид бүртгэсэн талаар Бөөнцагаан - Орог нуурын сав газрын захиргаа мэдээллээ. Судалгаагаар Орог нуурт 10 баг, 27 овог, 56 төрлийн 80 зүйл шувуу бүртгэгдсэн байна.

Амьдрах хэлбэрийн хувьд: Суурин амьдралтай 14, нүүдлийн /өндөглөн зусдаг/ 44, дайран өнгөрдөг 19, тохиолдлын байдлаар хааяа ирдэг 2, ховор тохиолдох нүүдлийн нэг зүйл шувуу байгааг судалгаагаар тогтоожээ.

Орог нуур, түүний орчмоор бүртгэгдсэн шувуудын дунд тоо толгойн байдлаар эрс цөөрсөн, ховор, Монгол Улсын Улаан ном, Азийн Улаан номд ба CITES, CMS-ийн хавсралтуудад орсон, агнахыг хориглосон зүйл шувууд байгаагаас манай улсын Улаан номд багтсан зургаан зүйл шувуу байна.

Орог нуур нь Нууруудын хөндий дэх хоёр дахь том нуур бөгөөд Говь-Алтайн нурууны хамгийн өндөр уул Их Богдын ар хормойд тулж орших ба баруунаас зүүн тийшээ сунгуу зууван хэлбэртэйгээр тогтоно. Орог нуур нь гидрокарбонат, хлоридын ус бүхий нуурын төрөлд багтах ба усны өнгө шаравтар ногоон туяатай, хатуулаг чанар 15 орчим болохын дээр ёроол нь зуурмаг шавартай байна.

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Их богдын ар хормойд орших тектоник гаралтай тус шорвог нуурын усны хэмжээ тогтворгүй, түүнд цутгадаг Түйн голын уснаас ихээхэн хамааралтай, зарим жил хатах нь бий. Зүүн хойд талаас Түйн гол цутгахдаа томхон садраа адаг үүсгэж намагжина. Их Богд уулын хормой алгуур намсаж тэгшивтэр гадарга үүсгэж уулын хормойгоос олон арван булаг ундарч орчныг намагжуулдаг.

Нуурын баруун хойд талаар элсэн тарамцаг эмжиж бас эртний нуурын татралтын далан зээгэлсэн тогтоцтой. Нуураас зүүн тийш 1 км орчмоос заган шугуй үргэлжилдэг. 11 дүгээр сараас 4 дүгээр сард хөлддөг.

Энд олон улсын болон Монголын хэмжээнд ховорт тооцогдох шувуудаас борцгор хотон, хошуу галуу, зээрд шонхор, реликт цахлай таарна. Газарзүйн популяцийн 1% давсан тоотойгоор отгот шунгуур, борцгор хотон, хондон ангир, хүрэнтолгойт цахлай зэрэг шувууд нүүдлийн үеэрээ дайран өнгөрнө. Нуурын хөвөө эрэг орчмоор Монголд ховордож буй шар зээргэнэ, чихэр өвс ургадаг байна.


Холбоотой мэдээ